МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН ТАВДУГААР БҮЛЭГ
Шүүх хуралдааны шүүмжлэл, шүүгдэгчийн эцсийн үг
279 дүгээр зүйл. Шүүх хуралдааны шүүмжлэлийн агуулга ба журам

279.1. Шүүхийн хэлэлцүүлэг дууссаны дараа шүүмжлэл сонсоно.

279.2.Шүүх хуралдааны шүүмжлэл нь улсын яллагч, өмгөөлөгч, хэрэв шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцоогүй бол шүүгдэгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгчийн хэлэх үгээс бүрдэнэ. Иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаар саналаа уншиж сонсгож болно.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

279.3. Шүүмжлэл явуулах этгээд энэ хуулийн 279.2-т заасан дэс дарааллаар үг хэлнэ.

279.4. Шүүх хуралдааны шүүмжлэлд оролцогч нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг иш татах эрхгүй.

279.5. Шүүмжлэлийг цагаар хязгаарлаж болохгүй боловч оролцогч хэлэлцэж байгаа хэрэгт холбогдолгүй зүйл яривал шүүх хуралдаан даргалагч зогсооно.

279.6. Шүүх хуралдааны шүүмжлэлд оролцогчид үг хэлж дууссаны дараа тэд шүүмжлэлд яригдсан зүйлийн талаар тус бүр нэг удаа тайлбар хэлж болох ба хамгийн эцэст үг хэлэх эрх шүүгдэгч, түүний өмгөөлөгчид олгогдоно.

Print