МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Тогтоол гаргах
296 дугаар зүйл. Тогтоолын тодорхойлох хэсэг

296.1. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, арга, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүний хэмжээ, гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт, шүүхээс бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, хариуцлагыг хөнгөрүүлэх буюу хүндрүүлж байгаа нөхцөл байдал, хэргийн заримыг хэрэгсэхгүй болгож байгаа бол түүний үндэслэл, түүнчлэн урьд сонсгосон ялыг шүүхээс өөрчилсөн бол түүний үндэслэл, шүүгдэгчийг ял эдлэхээс чөлөөлсөн, хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулсан бол шалтгааныг тодорхойлно.

296.2. Хэрэгт хэд хэдэн шүүгдэгч оролцож байгаа бол энэ хуулийн 296.1-д заасан байдлыг шүүгдэгч тус бүрээр тодорхойлно.

296.3. Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга, шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болж байгаа нотлох баримт, яллах үндэслэл болж байсан нотлох баримтыг шүүх ямар учраас үгүйсгэж байгаа үндэслэлийг тодорхойлох ба шүүгдэгчийг гэм буруугүй болоход эргэлзээ төрүүлэх зүйлийг оруулж болохгүй.

296.4. Шийтгэх ба цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт иргэний нэхэмжлэл буюу гэмт хэргээс учирсан эд хөрөнгийн хохирлын талаар шүүхээс гаргасан шийдвэрийн үндэслэлийг дурдана.

Print