МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН ДОЛООДУГААР БҮЛЭГ
Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих
306 дугаар зүйл. Гомдол, эсэргүүцэл бичсэний холбогдол

306.1.Анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

306.2 Энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан хугацаа хэтрүүлж гаргасан гомдол, эсэргүүцлийг шүүх хүлээн авахгүй.

306.3. Шүүхийн тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн этгээд давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан эхлэхийн өмнө өөрийнхөө гомдол, эсэргүүцлийг, түүнчлэн дээд шатны прокурор нь доод шатныхаа прокурорын бичсэн эсэргүүцлийг буцаан авах эрхтэй.

306.4. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол түүний шалтгаан, нотолгоог зааж хэтэрсэн хугацааг сэргээлгэх хүсэлтийг тогтоол гаргасан шүүхэд гаргаж болно.

306.5. Хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэх бөгөөд шүүгч тайлбар авахын тулд хүсэлт гаргасан этгээдийг дуудах эрхтэй.

306.6. Хэтэрсэн хугацааг сэргээсэн бол энэ тухай захирамжийг хэрэгт хавсаргаж гомдол, эсэргүүцлийн хамт аймаг, нийслэлийн шүүхэд хүргүүлнэ.

306.7. Хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон бол шүүгчийн захирамжид гомдол, эсэргүүцлийг ердийн журмаар гаргаж болох бөгөөд давж заалдах шатны шүүх хэтэрсэн хугацааг сэргээн, хэргийг гомдол, эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцэх эрхтэй.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Print