МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Давж заалдах шатны шүүхийн ажиллагаа
320 дугаар зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчих

320.1. Хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар, эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар энэ хуулийн шаардлагыг зөрчсөн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзнэ.

Дор дурдсан тохиолдолд тогтоолыг заавал хүчингүй болгоно:

320.1.1. шүүх хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргасан;
320.1.2. хуульд зааснаар шүүгдэгчийг заавал байлцуулбал зохих байтал түүний оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн;

320.1.3. хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүй;
/Энэ заалтад 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

320.1.4. зөвлөлдөх тасалгаанд болсон шүүгчдийн зөвлөлгөөний нууцыг задруулсан;

320.1.5. тогтоолд шүүгчийн хэн нэг нь гарын үсэг зураагүй;
320.1.6. хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл байгаагүй;
320.1.7.шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч заавал оролцуулах хуулийн заалт зөрчсөн.

Print