МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах
390 дугаар зүйл. Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх

390.1. Дор дурдсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлнө:

390.1.1.хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлс болон амьжиргааны нь үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого;

390.1.2.хууль бусаар хорих ял шийтгүүлсний улмаас зогсоосон тэтгэвэр, тэтгэмж.;

390.1.3.шүүхийн шийдвэрээр хураасан, улсын орлого болгосон, түүнчлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө;

390.1.4. шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлж гаргуулсан торгууль, иргэнээр төлүүлсэн байцаан шийтгэх ажиллагааны болон бусад зардал;

390.1.5. хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс.

390.2. Энэ хуулийн 390.1.1, 390.1.4, 390.1.5-д заасан хохирлыг улсын төсвөөс нөхөн олгоно.

390.3. Нөхөн төлөх эд хөрөнгийн хохирлын хэмжээг тогтоохдоо тухайн иргэн ял эдэлж байхдаа авсан цалин хөлс, эсхүл ажил, албан тушаалаас халагдсанаас хойшхи хугацаанд өөр ажил, албан тушаал эрхэлж авсан цалин хөлсийг хасч тооцно.

390.4.Ял шийтгүүлсний улмаас зогсоосон тэтгэвэр, тэтгэмжийг нийгмийн даатгалын болон холбогдох бусад байгууллага нөхөн олгоно.

390.5. Энэ хуулийн 390.1.3-д заасан эд хөрөнгийг холбогдох хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах болон прокурор, шүүхийн байгууллага биет байдлаар нь буцааж олгох ба тийм боломжгүй бол анхны үнэлгээгээр тооцож улсын төсвөөс олгоно.

390.6. Эд хөрөнгийн үнийг түүнийг нөхөн төлүүлэх шийдвэр гарах үеийн үнэлгээгээр тодорхойлно.

390.7. Эд хөрөнгө гэмтсэн тохиолдолд учирсан хохирлыг бүрэн нөхөн төлнө.

Print