МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах
396 дугаар зүйл. Хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэл гаргах

396.1. Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдлийг иргэн өөрөө буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл тухайн иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүнчлэн өмгөөлөгч гаргаж болно.

396.2. Насанд хүрээгүй этгээдийг цагаатгасан тохиолдолд хохирлыг нөхөн төлүүлэх тухай өргөдлийг түүний хууль ёсны төлөөлөгч гаргана.

396.3. Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай өргөдлийг цагаатгах тогтоол, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлалыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргана.
/Энэ хэсэгт 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

396.4. Бусад эрхийг сэргээлгэх тухай өргөдлийг тухайн иргэнд эрхийг нь тайлбарласан хуудсыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргаж болно.
/Энэ хэсэгт 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

396.5. Энэ хуулийн 396.3, 396.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол сонирхогч этгээдийн өргөдлөөр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, эсхүл шүүх сэргээж болно.

396.6. Хохирогч нэхэмжлэлийг оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ шүүхэд гаргана.

396.7. Иргэн нас барсан тохиолдолд эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх эрх нь түүний өв залгамжлагчид, зогсоосон тэтгэвэр, тэтгэмж нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх бүхий гэр бүлийн гишүүнд тогтоосон журмын дагуу шилжинэ.

396.8. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах болон прокурор, шүүхийн байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас улсад учирсан эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг холбогдох байгууллага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шүүхэд гаргана.
/Энэ хэсгийн дугаарт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

396.9. Энэ бүлэгт дурдсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргагч шүүхийн зардал төлөхөөс чөлөөлөгдөнө.
/Энэ хэсгийн дугаарт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Print