МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ТАВДУГААР БҮЛЭГ
Монгол Улсын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, прокурор, шүүхийн байгууллага болон гадаад улсын холбогдох байгууллагын эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаа
401 дүгээр зүйл. Байцаан шийтгэх ажиллагааг явуулах тухай гадаад улсын эрх бүхий байгууллагын даалгаврыг биелүүлэх

401.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн байгууллага нь гадаад улсын холбогдох байгууллага, албан тушаалтны байцаан шийтгэх ажиллагаа явуулах тухай даалгаврыг энэ хуульд заасан нийтлэг журмын дагуу биелүүлнэ.

401.2. Даалгаврыг биелүүлэхэд тухайн улстай байгуулсан олон улсын гэрээнд заасан бол гадаад улсын байцаан шийтгэх ажиллагааны хэм хэмжээг хэрэглэж болно.

401.3. Олон улсын гэрээнд заасан бол даалгаврыг биелүүлэхэд гадаад улсын холбогдох байгууллагын төлөөлөгч байлцаж болно.

401.4.Даалгаврыг биелүүлэх боломжгүй бөгөөд олон улсын гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол Улсын ерөнхий прокурорын газар, эсхүл хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан даалгавар өгсөн гадаадын байгууллагад биелүүлээгүй шалтгааныг зааж, хүлээн авсан баримт бичгийг буцаана.

401.5. Даалгаврыг биелүүлэх нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд харшлах, эсхүл хууль тогтоомжийг зөрчихөд хүргэхээр байвал түүнийг буцаана.

Print