МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ДОЛООДУГААР БҮЛЭГ
Хорих ял шийтгүүлсэн этгээдийг харъяат улсад нь ял эдлүүлэхээр шилжүүлэх
413 дугаар зүйл. Гадаад улсын шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбогдсон асуудлыг шүүхээр шийдвэрлэх журам

413.1.Энэ хуулийн 412 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлж авсан этгээд Монгол Улсад ял эдлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс тогтоосон харьяалалын дагуу сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ.

413.2. Шүүгчийн захирамжид дараахь зүйлийг заасан байна:

413.2.1. гадаад улсын шүүхийн нэр, шийдвэр гаргасан газар, он, сар, өдөр;

413.2.2. Монгол Улсад хамгийн сүүлд байнга оршин сууж байсан болон ажиллаж байсан газар;

413.2.3. ялтны үйлдсэн гэмт хэрэг, гадаад улсын шүүхээс түүнд хэрэглэсэн хуулийн зүйл, хэсэг, заалт;

413.2.4. ялтны үйлдэлд хэрэглэх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт;

413.2.5. гадаад улсын шүүхээс ялтанд оногдуулсан ялын хугацаа, хорих ангийн төрөл, Монгол Улсад эдэлбэл зохих ялын хугацаа, хорих ангийн төрөл, хохирол нөхөн төлөх журам.

413.3. Гадаад улсын шүүхээс оногдуулсан хорих ялын хугацаа нь Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох ялын дээд хэмжээнээс их байвал Монгол Улсад ял эдлэх хугацааг Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын дээд хэмжээгээр тогтооно.

413.4. Гадаад улсын шүүх хорих ял оногдуулсан боловч Монгол Улсын хуулиар уг хэрэгт хорих ял оногдуулж болохооргүй байвал шүүгч уг этгээдэд гадаад улсын шүүхээс оногдуулсан ялтай дүйцэхүйц төрөл, хугацааны өөр төрлийн ял эдлүүлэхээр шийдвэрлэнэ.

413.5. Гадаад улсын шүүх хэд хэдэн хэрэг үйлдсэн гэж үзэж ялтанд ял оногдуулсан боловч тэдгээр нь Монгол Улсын хуулиар гэмт хэрэгт тооцогддоггүй бол шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгож, уг ялтныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.

413.6. Шүүгчийн захирамж нь гарсан үеэс хүчин төгөлдөр болох бөгөөд түүнд прокурор эсэргүүцэл бичиж болно.

413.7. Шүүгчийн захирамжийг прокурорт хүргүүлж гүйцэтгүүлнэ.
413.8. Гадаад улсаас шилжин ирж энэ зүйлд заасны дагуу Монгол Улсад ял эдлэхээр болсон этгээдийн ялыг хугацаанаас өмнө суллах, ялыг өөр төрлийн хөнгөн ялаар солих, өршөөл, уучлал үзүүлэх зэрэг шүүхийн шийдвэр биелүүлэхтэй холбоотой бүхий л асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулна.

413.9.Гадаад улсад өршөөлийн хууль гарсан бол тэнд шийтгүүлээд шилжиж ирсэн этгээдийг уг өршөөлд хамруулах ба энэ тухай шийдвэрийг ял эдлүүлж байгаа газрыг харьяалах анхан шатны шүүхийн шүүгч гаргана.

Print