МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
НАЙМДУГААР БҮЛЭГ
Сэжигтнийг баривчлах
59 дүгээр зүйл. Сэжигтнийг баривчлах журам

59.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь сэжигтнийг баривчлах тухай тогтоол үйлдэж, прокурорт танилцуулах бөгөөд прокурор нь шүүхэд танилцуулж шийдвэрлүүлнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
59.2. Тогтоолд баривчилсан үндэслэл, шалтгаан, газар, хугацаа /цаг, минут заасан/, биед нь хийсэн үзлэгийн үр дүн, түүнчлэн тэмдэглэл хөтөлсөн хугацааг тусгана.

59.3. Тогтоол, захирамжийг сэжигтэнд танилцуулах ба түүнд энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх, түүний дотор өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөх эрхтэй болохыг нь тайлбарлаж өгөх ба энэ тухай тэмдэглэлд тусгана.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
59.4. Тэмдэглэлд түүнийг хөтөлсөн болон баривчлагдсан этгээд гарын үсэг зурна.

59.5. Хойшлуулшгүй тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч сэжигтнийг шууд баривчилж, 24 цагийн дотор тогтоолыг прокурорт болон шүүхэд хүргүүлнэ.

59.6.Шүүгч тогтоолыг хүлээн авснаас хойш 48 цагийн дотор шаардлагатай гэж үзвэл өмгөөлөгч, прокурорыг байлцуулан сэжигтнийг баривчлах эсэх асуудлыг шийдвэрлэж нэн даруй захирамж гаргана.
/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/


59.7. Баривчлагдсан хугацааг цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцно.

59.8. Баривчилсан хугацааг сэжигтэнд тогтоол, захирамжийг танилцуулсан үеэс эхлэн тоолно.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

Print