МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Таслан сэргийлэх арга хэмжээ
68 дугаар зүйл. Цагдан хорих

68.1. Эрүүгийн хуульд заасан хүнд, онц хүнд хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, түүнчлэн удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн дахин гэмт хэрэгт сэрдэгдсэн бол түүнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор цагдан хорьж болно.

68.2. Дараахь нөхцөл байдал байвал хүндэвтэр гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорьж болно:

68.2.1. өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн;
68.2.2. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлж болзошгүй, эсхүл оргон зайлсан;

68.2.3.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин гэмт хэрэг үйлдсэн.
/Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

68.3.Энэ хуулийн 68.1, 68.2-т заасан үндэслэл, шаардлага байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих газар, үндэслэлийг тодорхой заасан тогтоол үйлдэж прокурорт танилцуулах бөгөөд прокурор нь шүүхэд танилцуулна. Шүүгч шаардлагатай гэж үзсэн, эсхүл өмгөөлөгч хүсэлт гаргасан бол өмгөөлөгч, прокурорыг байлцуулан сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих эсэх асуудлыг шийдвэрлэж нэн даруй захирамж гаргана.
/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

68.4. Энэ хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан журмын дагуу баривчлагдсан сэжигтнийг цагдан хорих бол прокурор тогтоолыг баривчлах хугацаа дуусахаас 6 цагийн өмнө шүүхэд хүргүүлсэн байна.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
68.5. Шүүгч цагдан хорихоос татгалзсан бол сэжигтэн, яллагдагчийг дахин цагдан хорих саналыг зөвхөн цагдан хорих шинэ үндэслэл, шалтгаан бий болсон тохиолдолд шүүхэд ирүүлнэ.

68.6. Шүүгдэгчийг цагдан хорих үндэслэл байвал шүүх уг арга хэмжээг хэрэглэж болно.

68.7. Цагдан хорих шийдвэрийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч энэ хуулийн 61 дүгээр зүйлд заасан хугацааны дотор цагдан хоригдсон этгээдийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн, эсхүл өмгөөлөгчийн аль нэгэнд мэдэгдэнэ.

68.8. Энэ хуулийн 68.2-т заасан үндэслэлийн аль нэг нь байвал жирэмсэн эмэгтэйг эмнэлгийн байгууллагын хяналтан дор цагдан хорьж болно.

68.9. Хөнгөн гэмт хэрэгт сэрдэгдсэн буюу хүнд өвчтэй этгээд, жирэмсэн эмэгтэй, насанд хүрээгүй этгээд, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйн хувьд энэ хуулийн 68.2-т заасан үндэслэл байхгүй бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхийг хориглоно.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

68.10.Сэжигтэн, яллагдагчийг өөр газарт шилжүүлэн цагдан хорих эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүгч захирамж гарган шийдвэрлэх бөгөөд хэрэв шүүх шилжүүлэн хорих саналыг хүлээн авсан бол энэ тухай сэжигтэн, яллагдагчийн гэр бүлийн гишүүн, эсхүл өмгөөлөгчид 24 цагийн дотор мэдэгдэнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

Print