МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Таслан сэргийлэх арга хэмжээ
69 дүгээр зүйл. Цагдан хорьж мөрдөх хугацаа, түүнийг сунгах журам

69.1. Сэжигтнийг цагдан хорьж мөрдөх хугацаа 14 хүртэл хоног байна.

69.2. Яллагдагчийг хорьж мөрдөх хугацаа 2 сар хүртэл байна.

69.3.Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид хорьж мөрдөх зайлшгүй шаардлагатай бол шүүх хорьж мөрдөх хугацааг тухай бүр 30 хүртэл хоногоор сунгах бөгөөд яллагдагчийг хорьж мөрдөх нийт хугацаа хүндэвтэр гэмт хэрэгт 4 сараас, хүнд гэмт хэрэгт 12 сараас, онц хүнд гэмт хэрэгт 24 сараас хэтэрч болохгүй.
/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
69.4. Эрүүгийн хуулийн 81.2/Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах/, 84 /Хорлон сүйтгэх/, 91.2/Хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай алах/, 145.4/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах/, 177.2/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зандалчлах/, 302/Төрлөөр устгах/ дугаар зүйлд заасан хэргийн яллагдагчийг энэ хуулийн 69.3-т зааснаас илүү хугацаагаар хорьж мөрдөх шаардлагатай бол шүүх 6 сар хүртэл хугацаагаар нэмж сунгаж болно.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

69.5. Мөрдөн байцаагч хорьж мөрдөх хугацааг сунгах тухай үндэслэл бүхий тогтоол үйлдэж хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө прокурорт хүргүүлэх бөгөөд прокурор шүүхэд хүргүүлнэ.

69.6. Шүүгч цагдан хорих хугацааг сунгах тухай саналыг 72 цагийн дотор хянаж цагдан хорих хугацааг сунгасан, эсхүл сунгахыг татгалзсан захирамж гаргана.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
69.7. Нэг хэрэгт дахин, эсхүл тусгаарласан, нэгтгэсэн хэрэгт шинээр цагдан хоригдсон бол өмнө нь цагдан хоригдсон хугацааг нийт цагдан хоригдсон хугацаанд оруулж тооцно.

69.8. Шүүхээс нэмж мөрдөн байцаалгахаар буцаасан хэргийн яллагдагчийг цаашид хорьж мөрдөх хугацааг энэ хуулийн 69.2-т заасан хугацаанд оруулж тооцно.

69.9. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх шатанд яллагдагчийг хорьж мөрдөх хугацаа дуусвал тухайн шүүхийн Ерөнхий шүүгч хэргийг хянан шийдвэрлэхэд шаардагдах хугацаагаар захирамж гарган сунгаж болно.

69.10.Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхдээ шүүгч шаардлагатай гэж үзвэл, эсхүл өмгөөлөгч хүсэлт гаргасан бол өмгөөлөгч, прокурорыг байлцуулна.
/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

Print