МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Өмч
116 дугаар зүйл. Гээгдэл эд хөрөнгө

116.1.Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй.

116.2.Энэ хуулийн 116.1-д заасны дагуу эрх бүхий байгууллагад мэдэгдсэнээс хойш нэг жилийн дотор өмчлөгч буюу эрх бүхий этгээд нь тогтоогдоогүй бол тухайн эд хөрөнгийг олсон этгээд өмчлөх эрхтэй. Эд хөрөнгийг олсон этгээд өмчлөхөөс татгалзвал тухайн эд хөрөнгийг орон нутгийн өмчлөлд шилжүүлнэ.

116.3.Гээгдэл эд хөрөнгийг олсон этгээд өмчлөгч буюу эрх бүхий этгээд, эсхүл орон нутгийн захиргааны зохих байгууллагаас шагнал авах, тухайн эд хөрөнгийг хадгалах, хамгаалах, эзнийг нь олохтой холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

116.4.Шагналын хэмжээг талууд тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцож чадаагүй бол шагналын хэмжээ нь гээгдэл эд хөрөнгийн үнийн дүнгийн арван хувьтай тэнцүү байна.

116.5.Гээгдэл эд хөрөнгө нь амархан муудаж болох, эсхүл түүнийг хадгалах, хамгаалахтай холбогдон гарах зардал нь тухайн эд хөрөнгийн үнээс үлэмж илүү байвал түүнийг олсон этгээд нь энэ хуулийн 116.1-д заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр нийтийн худалдааны цэгээр дамжуулан худалдах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд тухайн эд хөрөнгийг борлуулсны орлогыг гээгдэл эд хөрөнгө гэж тооцно.

116.6.Олон нийтийн газар, албан тасалгаа, нийтийн тээврийн хэрэгслээс гээгдэл эд хөрөнгө олсон этгээд түүнийг тухайн байгууллагын захиргаанд хүлээлгэн өгнө.

116.7.Энэ хуулийн 116.6-д заасан байгууллагын захиргаа нь гээгдэл эд хөрөнгийн тухай нийтэд мэдээлэх, бүрэн бүтэн байдлыг хангах, эсхүл энэ хуулийн 116.1-д заасан эрх бүхий байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. Энэ тохиолдолд энэ хуулийн 116.4-т заасан шагналыг гээгдэл эд хөрөнгө олсон этгээд болон олдсон байгууллага тэнцүү хэмжээгээр, холбогдох зардлыг бодит хэмжээгээр тус тус шаардах эрхтэй.

116.8.Энэ хуулийн 116.5 дахь хэсэг нь 116.6-д заасан эд хөрөнгөд нэгэн адил хамаарах бөгөөд харин өмчлөгч буюу эзэмшигч нь энэ хуулийн 116.2-т заасан хугацаанд тогтоогдоогүй бол гээгдэл эд хөрөнгө олдсон байгууллага нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч болно.

Print