МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Өмч
138 дугаар зүйл. Хөршийн газраар дамжин өнгөрөх зам, шугам хоолой барьж байгуулах

138.1.Эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах эрхтэй.

138.2.Энэ хуулийн 138.1-д заасан тохиолдолд хөрш нь зохих зөвшөөрөл олгох, зам, шугам, хоолой барьж байгуулж байгаа тал нь хөршийн шаардсанаар түүнтэй хэлэлцэн тохиролцож нэг удаагийн нөхөн төлбөр төлөх бөгөөд түүний хэмжээг талууд тохиролцон тогтоож чадахгүй бол шүүх шийдвэрлэнэ.

138.3.Өмнө нь ашиглагдаж байсан зам, шугам, хоолойг хөршийн зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн, эсхүл ашиглалтгүй болгосон газар эзэмшигч энэ хуулийн 138.1-д заасан эрхээ алдана.

138.4.Эзэмшигч өөрийн эзэмшил газрын нийтийн ашиглалтын зам, шугам, хоолойтой холбогдсон хэсгийг өөр этгээдийн эзэмшилд шилжүүлсэн бөгөөд эзэмшил газрын үлдсэн хэсэг нь нийтийн ашиглалтын зам, шугам, хоолойд холбогдох шаардлагатай бол шинэ эзэмшигч нь өөрийн газар дээгүүр дамжин өнгөрөх зам, шугам хоолой тавих, байрлуулах зөвшөөрөл олгох үүрэгтэй.

Print