МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Өмч
148 дугаар зүйл. Орон сууц өмчлөгчийн эрх, үүрэг

148.1.Орон сууц өмчлөгч нь дараахь эрх эдэлнэ:

148.1.1.хуульд өөрөөр заагаагүй бол дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах;

148.1.2.дундын өмчлөлийн зүйлсийг зориулалтын дагуу ашиглах;
148.1.3.дундын өмчлөлийн зүйлсийг ашиглах, захиран зарцуулахад өөрт оногдох хэсгээр саналын эрхтэй оролцох;

148.1.4.дундын өмчлөлийн зүйлд учирч болох гэм хорыг арилгах шаардлагатай арга хэмжээг бусад өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр авах, гарсан зайлшгүй зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах;

148.1.5.хуульд заасан бусад эрх.

148.2.Орон сууц өмчлөгч нь дараахь үүрэг хүлээнэ:

148.2.1.дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх;

148.2.2.сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар өөрчлөлт, шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх;

148.2.3.дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох;

148.2.4.дангаар өмчлөх хэсэгт байгаа дундын өмчлөлийн зүйлийн хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээ хийх зорилгоор нэвтрэн орохыг зөвшөөрөх;

148.2.5.холбоо, хангамжийн шугам сүлжээг байрлуулахтай холбогдсон зайлшгүй арга хэмжээг хүлээн зөвшөөрөх;

148.2.6.дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг бусад этгээдийн ашиглалтад шилжүүлсэн тохиолдолд тухайн этгээдээс энэ хуулийн 148.2.1-148.2.3-т заасан үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үүргийг хамтран хариуцах;

148.2.7.энэ хуулийн 148.2.4, 148.2.5-д заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан гэм хорыг арилгах.

148.3.Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй.

Print