МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Өмч
150 дугаар зүйл. Бусдын газар дээр барилга, байгууламж барих эрх

150.1.Бусдын өмчийн газар дээр барилга, байгууламж барих эрх олж авсан этгээд уг эрхээ гуравдагч этгээдэд өвлүүлэх, барьцаалах, худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхтэйгээр тухайн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авна.

150.2.Газар өмчлөгч нь барилга, байгууламж барихад зайлшгүй шаардлагатай бус боловч тэдгээрийг илүү зохистой ашиглах боломж олгож байгаа газрыг барилга байгууламж барих эрх олж авч байгаа этгээдийн шаардлагаар түүний эзэмшилд шилжүүлэх үүрэгтэй.

150.3.Барилга, байгууламж барих эрх нь заавал тодорхой хугацаатай байх бөгөөд энэ хугацаа нь 99 жилээс хэтрэхгүй. Уг эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох болзол тавьсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

150.4.Энэ хуулийн 150.7-д зааснаас бусад тохиолдолд барилга байгууламж барих эрхийг нэг талын санаачилгаар дуусгавар болгохыг хориглоно.

150.5.Барилга, байгууламж барих эрхийн үндсэн дээр баригдсан барилга, байгууламж нь тухайн эрхийн гол бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд барилга байгууламж нурсан, эвдэрсэн явдал нь уг эрх дуусгавар болох үндэслэл болохгүй.

150.6.Барилга байгууламж барих эрхийг бусдад худалдах, барьцаалах болон бусад хэлбэрээр захиран зарцуулахад газар өмчлөгчийн зөвшөөрлийг авах шаардлагатай бол өмчлөгч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөхөөс бусад тохиолдолд зөвшөөрөл өгөхөөс татгалзах эрхгүй.

150.7.Гэрээнд өөрөөр заагаагүй бол барилга, байгууламж барих эрх олж авсан этгээд уг эрхийг эзэмшсэний төлбөрийг энэ хуулийн 137.2-т заасан журмын дагуу газар өмчлөгчид төлнө. Уг төлбөрийг хоёр жилийн турш төлөөгүй тохиолдолд газар өмчлөгч нь гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй.

150.8.Энэ хуулийн 150.7-д заасан төлбөрийн хэмжээг арван жил тутам шинэчлэн тогтоохоор талууд тохиролцож болно.

150.9.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барилга, байгууламж барих зориулалтаар олгосон газар эзэмших эрх дуусгавар болоход газар өмчлөгч нь тухайн барилга, байгууламжийн үнийг уг эрхийг эзэмшиж байсан этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй.

150.10.Газар өмчлөгч нь энэ хуулийн 150.9-т заасан нөхөн төлбөрийн оронд тухайн барилга, байгууламж оршин байх ердийн боломжит хугацаагаар барилга, байгууламж барих зориулалтаар олгосон газар эзэмшүүлэх эрхийн хугацааг сунгаж болно.

150.11.Барилга, байгууламж барих зориулалтаар газар эзэмшиж байсан этгээд энэ хуулийн 150.10-т зааснаар хугацааг сунгахаас татгалзвал нөхөн төлбөр шаардах эрхээ алдана.

150.12.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барилга, байгууламж барих зориулалтаар газар эзэмшиж байсан этгээд уг эрхийн хугацаа дуусгавар болоход тухайн газар дээр барьсан барилга, байгууламж болон түүний бүрэлдэхүүн хэсгийг салгаж авч явах эрхгүй.

150.13.Барилга, байгууламж барих эрхийг улсын бүртгэлд бүртгүүлнэ.
150.14.Энэ хуулийн 150.9-т заасны дагуу нөхөн төлбөр шаардах эрх нь барилга, байгууламж барих эрхтэй ижил дарааллаар хангагдах бөгөөд энэ дарааллыг талууд хэлэлцэн тохиролцож өөрчлөх эрхгүй.

150.15.Барилга, байгууламж барих эрхийн хугацаа дуусах үед уг эрх нь барьцаанд байгаа бол барьцаалагч нь барьцаагаар хангагдах үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

150.16.Барилга, байгууламж барих зориулалтаар газар эзэмших эрх дуусгавар болоход газар өмчлөгч нь барилга байгууламж барих эрхтэй байсан этгээдийн гуравдагч этгээдтэй байгуулсан хөлслөх, түрээслэх гэрээний оролцогч болно.

150.17.Барилга, байгууламж барих эрх үүсэх, уг эрхийг олж авахтай холбогдсон харилцаанд энэ хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгө олж авах журмын холбогдох хэсэг нэгэн адил хамаарна.

Print