МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Өмч
151 дүгээр зүйл. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг хязгаарлах эрх /сервитут/

151.1.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор өөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг дараахь замаар хязгаарлах эрхтэй /цаашид "сервитут" гэх/:

151.1.1.хууль буюу гэрээнд заасан тохиолдолд бусдын үл хөдлөх эд хөрөнгийг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах;

151.1.2.өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшилсан үйл ажиллагаа явуулахгүй байхыг бусад өмчлөгчдөд даалгах;

151.1.3.сервитутаар эрх нь хязгаарлагдсан өмчлөгчөөс сервитут бүхий талын үл хөдлөх эд хөрөнгийн хувьд зарим эрх хэрэгжүүлэхийг хязгаарлах.

151.2.Эрх бүхий этгээд нь сервитутийг хэрэгжүүлэхдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй.

151.3.Талууд хэлэлцэн тохиролцсон бол сервитут бүхий тал нь зохих төлбөр, шагналыг эрх нь хязгаарлагдсан талд тогтоосон хугацаанд тогтмол төлнө.

151.4.Барилга, байгууламжийн хувьд сервитут бүхий этгээд нь түүнийг бүрэн бүтэн байлгах, зохих ёсоор ашиглах үүрэгтэй бөгөөд үүнтэй холбогдсон зардлыг эрх нь хязгаарлагдсан тал дангаар буюу хэсэгчлэн хариуцахаар талууд тохиролцож болно.

151.5.Сервитут бүхий этгээдийн эзэмшил газар буюу бусад үл хөдлөх эд хөрөнгө нь хуваагдан хэд хэдэн этгээдийн өмчлөлд шилжсэн тохиолдолд сервитутаар эрх нь хязгаарлагдсан өмчлөгчийн эрх дордохооргүй байвал тэдгээр өмчлөгч тус бүрд сервитут хэвээр хадгалагдана. Сервитут нь хуваагдсан газар буюу бусад үл хөдлөх эд хөрөнгийн аль нэг хэсэгт нь хамаарах байсан бол бусад хэсгийн сервитут дуусгавар болно.

151.6.Сервитутаар эрх нь хязгаарлагдсан өмчлөгчийн эзэмшил газар нь хуваагдан хэд хэдэн этгээдэд шилжсэн тохиолдолд өмнө нь сервитутаар хязгаарлагдаж байснаас бусад газар эрхийн хязгаарлалтаас чөлөөлөгдөнө.

151.7.Сервитут бүхий этгээд эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад учруулж байвал уг саадыг арилгахыг шаардах эрхтэй.

151.8.Өмчлөгч бус этгээд хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр ахуйн хэрэгцээгээ хангах зорилгоор сервитут бүхий этгээдийн адил сервитутийн эрхийг эдэлж болох бөгөөд энэ тохиолдолд уг этгээд нь сервитутийг бусдад шилжүүлэх эрхгүй.

151.9.Эрх бүхий этгээдээс сервитутаа хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учруулахааргүй байвал эрх нь хязгаарлагдсан өмчлөгч сервитутийг өөрийн эзэмшил газрын өөр хэсэгт шилжүүлэх эрхтэй . Энэ эрхийг хязгаарласан аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

151.10.Энэ хуулийн 151.9-т зааснаар сервитутийг шилжүүлэхтэй холбогдсон зардлыг эрх нь хязгаарлагдсан өмчлөгч хариуцна.

Print