МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Өмч
152 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах эрх /узуфрукт/

152.1.Үр шимийг хүртэх, ашиг олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хязгаартай эзэмшиж, ашиглах эрхийг узуфрукт гэнэ.

152.2.Узуфрукт эзэмшигч нь гагцхүү гуравдагч этгээдийн өмчлөлд бүрмөсөн шилжүүлэх замаар захиран зарцуулахаас бусдаар уг эд хөрөнгийг өмчлөгчийн нэгэн адил эзэмшиж, ашиглах эрхтэй бөгөөд харин гуравдагч этгээдэд уг эд хөрөнгийг барьцаалах, түрээслэх тохиолдолд өмчлөгчийн зөвшөөрлийг заавал авна.

152.3.Узуфрукт дуусгавар болоход тухайн эд хөрөнгийн өмчлөгч нь узуфрукт эзэмшигчийн гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний оролцогч болно.

152.4.Узуфруктийг олж авахад тухайн төрлийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг олж авах талаар энэ хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ.

152.5.Узуфруктийг хариу төлбөртэй буюу төлбөргүй, тодорхой буюу тодорхой бус хугацаагаар, эсхүл узуфрукт эзэмшигчийн бүх насаар тогтоож болно.

152.6.Узуфрукт нь дараахь үндэслэлээр дуусгавар болно:

152.6.1.узуфрукт эзэмшигч иргэн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан;

152.6.2.узуфрукт эзэмшигч болон өмчлөгч нь нэг этгээд болсон;
152.6.3.узуфруктийн хугацаа дууссан.

152.7.Энэ хуулийн 236-240 дүгээр зүйлд заасан үндэслэлээр узуфрукт дуусгавар болоход узуфрукт эзэмшигч тухайн эд хөрөнгийг өмчлөгчид нь шилжүүлэх үүрэгтэй.

152.8.Узуфрукт эзэмшигч нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр узуфруктийн зүйлийг болон түүний ашиглалтын зориулалтыг өөрчилж болохгүй.

152.9.Эзэмшил газрын хувьд узуфрукт эзэмшигч нь тухайн газрын аж ахуйн зориулалтыг ноцтой өөрчлөхгүйгээр олборлох болон бусад зайлшгүй шаардлагатай байгууламжийг барих, тоног төхөөрөмжийг суурилуулах эрхтэй.

152.10.Талууд нь узуфруктийн зүйлийн тухайн байдлыг тодорхойлуулахаар өөрийн зардлаар шинжээч томилж болно.

152.11.Узуфруктийн зүйл нь эд юмсын цогцолбор байвал түүний жагсаалтыг гаргаж талууд уг жагсаалтад гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд аль нэг талын шаардлага, зардлаар эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх буюу уг асуудлыг эрхэлсэн зохих байгууллага, мэргэжилтнээр дээрх жагсаалтыг гаргуулж болно.

152.12.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол узуфрукт эзэмшигч нь бүрэн эрхийнхээ хугацаанд узуфруктийн зүйлийн урсгал засвар, аж ахуйн хэвийн байдлыг хангах болон түүний арчилгаатай холбогдсон зардал, холбогдох татвар, төлбөрийг хариуцан, узуфруктийн зүйлийг өөрийн эд хөрөнгөөр даатгуулах үүрэг хүлээх боловч узуфруктийн зүйлийн ашиглалтын ердийн элэгдэл хорогдлыг хариуцахгүй.

152.13.Даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд тухайн эд хөрөнгийн өмчлөгч нь узуфрукт эзэмшигчийн нэгэн адил даатгалын нөхөн төлбөрийг даатгагчаас шаардах эрхтэй.

152.14.Узуфруктийн зүйл устсан, гэмтсэн, эсхүл түүний бүрэн бүтэн байдлыг хангахад урьдчилан төлөвлөөгүй их хэмжээний зардал шаардагдсан, түүнчлэн тухайн зүйлийн хувьд гуравдагч этгээд ямар нэгэн шаардлага гаргасан бол узуфрукт эзэмшигч нь өмчлөгчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Өмчлөгч дээрх нөхцөл байдлыг арилгахтай холбогдсон зайлшгүй шаардлагатай арга хэмжээ авахад узуфрукт эзэмшигч татгалзах эрхгүй.

152.15.Узуфрукт эзэмшигч нь өмчлөгчид урьдчилан мэдэгдэж энэ хуулийн 152.14-т заасан зайлшгүй арга хэмжээг өөрийн зардлаар авсан бол узуфрукт дуусгавар болоход салгаж болох засвар, засан сайжруулалтыг салгаж авах буюу түүний үнийг төлүүлэхээр өмчлөгчөөс шаардах эрхтэй.

152.16.Узуфрукт эзэмшигч тухайн эд хөрөнгийн зарим эд анги, хэсгийг засан сайжруулах зорилгоор шинэ эд анги, зүйлээр сольсон бол узуфрукт дуусгавар болоход хуучин эд анги, зүйлийн оронд орлуулсан зүйлийг өмчлөгчид шилжүүлнэ.

152.17.Узуфрукт эзэмшигч нь аж ахуйн хэвийн ашиглалтаас гадуур буюу ердийнхөөс хэтэрсэн хэмжээгээр олж авсан үр шим, ашгийнхаа өмчлөгч болох боловч үүнтэй холбоотойгоор узуфруктийн зүйлд учирсан гэмтлийг өмчлөгчид нөхөн төлөх үүрэгтэй.

152.18.Узуфруктийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлж, түүнд давхар узуфрукт тогтоохыг хориглоно.

152.19.Узуфруктийн зүйл нь эрх байвал гагцхүү узуфрукт эзэмшигчийн зөвшөөрлөөр хэлцлийн үндсэн дээр уг эрхийг өөрчилж, хүчингүй болгож болно.

Print