МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Барьцааны эрх
157 дугаар зүйл. Барьцааны зүйлийн талаар талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг

157.1.Барьцаалагч дараахь эрх эдэлнэ:

157.1.1.барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээнд барьцааны зүйлийн үр шимийг олж авах;

157.1.2.барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулах;

157.1.3.энэ хуулийн 157.2.2-т заасан хугацаанд барьцаалуулагч шаардлагыг хангах өөр арга сонгох буюу өөр зүйл барьцаанд бариулаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу худалдах;

157.1.4.барьцаалуулагч энэ хуулийн 157.6.1-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байна гэж үзвэл барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг шаардах;

157.1.5.барьцааны зүйлийг эзэмшилдээ шилжүүлэн авсан бол түүний бүрэн бүтэн байдлыг хангаж үүнтэй холбогдон гарсан зайлшгүй зардлаа барьцаалуулагчаас шаардах.

157.2. Барьцаалагч дараахь үүрэг хүлээнэ:

157.2.1.өөрийн эзэмшилд авсан барьцааны зүйл устах, үнэ нь ихээхэн буурах бодит нөхцөл бий болсон бол барьцаалуулагчид нэн даруй мэдэгдэх;

157.2.2.энэ хуулийн 157.2.1-т заасан тохиолдолд, барьцаалуулагчид шаардлага хангах өөр арга сонгох буюу барьцаанд өөр зүйлийг бариулах боломжит хугацаа зааж өгөх;

157.2.3.энэ хуулийн 157.1.3-т заасны дагуу барьцааны зүйлийг худалдсанаас олсон мөнгийг барьцааны хугацаа дуустал хадгалах.

157.3.Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй.

157.4.Барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан нөхцөл байдал бий болсон тохиолдолд барьцаалагч нь энэ хуулийн 92 дугаар зүйлд заасан эрхийг эдэлнэ.

157.5.Барьцаалуулагч дараахь эрх эдэлнэ:

157.5.1.барьцааны зүйлийг эзэмшилдээ байлгах хугацаанд түүний үр шимийг олж авах;

157.5.2.энэ хуулийн 157.2.1-д заасан нөхцөл байдал бий болсон бол барьцааны зүйлийг буцаан авахаар шаардаж барьцаалагчийн шаардлагыг хангах өөр арга санал болгох;

157.5.3.барьцаалагч энэ хуулийн 157.1.5-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байна гэж үзвэл барьцааны зүйлийг бүрэн бүтэн байлгаж чадах гуравдагч этгээдэд шилжүүлэхийг шаардах;

157.5.4.барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага, дуудлага худалдаа явуулахтай холбогдсон болон бусад зайлшгүй зардлыг хасаад үлдсэн хэсгийг өөртөө шилжүүлэхийг шаардах.

157.6.Барьцаалуулагч дараахь үүрэг хүлээнэ:

157.6.1.өөрийнхөө эзэмшилд байгаа барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах;

157.6.2.барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх.

157.7.Барьцаагаар хангагдах шаардлагад барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч биш бол үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчид гаргаж болох хариу шаардлагыг барьцаалуулагч гаргах эрхтэй.

157.8.Барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээд /барьцаалуулагч/-ийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уул шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхтэй.

Print