МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Барьцааны эрх
158 дугаар зүйл. Барьцаалагчийн шаардлагыг хангах

158.1.Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана.

158.2.Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзнэ.

158.3.Мөнгөн төлбөрийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангах хугацаа болсон бол барьцаалагч нь барьцааны зүйлийг худалдан борлуулахыг шаардах эрхтэй бөгөөд зөвхөн өөрийн шаардлагыг хангах тохиолдолд энэ эрхийг эдэлнэ.

158.4.Барьцаагаар хангагдах шаардлагыг хангахын тулд хууль зүйн ач холбогдолтой ямар нэгэн үйлдэл хийх зайлшгүй шаардлагатай бол барьцаалагч уг үйлдлийг хийхийг барьцаалуулагчаас шаардах эрхтэй бөгөөд барьцаалуулагч арван дөрөв хоногийн дотор энэ үйлдлийг хийгээгүй бол барьцаалагч барьцаалуулагчийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй энэ үйлдлийг хийж болно.

158.5.Барьцааны зүйл нь хэд хэдэн этгээдэд барьцаалагдсан бол хамгийн түрүүнд түүнийг барьцаалсан этгээд уг зүйлийг борлуулахыг шаардах эрхтэй бөгөөд уг этгээд энэ эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан бол дараагийн барьцаалагч шаардах эрхээ хэрэгжүүлнэ.

Print