МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Барьцааны эрх
177 дугаар зүйл. Дуудлага худалдаа явуулах үеийн үнэ

177.1.Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд шинжээчийн саналыг үндэслэн тогтооно. Шинжээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно.

177.2.Анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна.

177.3.Хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ.

177.4.Хоёр дахь дуудлага худалдаанд оролцогчоос санал болгосон үнэ нь дуудлага худалдаа явуулахтай холбогдсон зардал болон үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахад хүрэлцэхүйц байна. Энэ хэмжээнд хүрэхгүй бол дуудлага худалдаа явуулаагүй гэж үзнэ. Дуудлага худалдаатай холбогдсон зардлыг өмчлөгч хариуцна.

Print