МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Барьцааны эрх
181 дүгээр зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын удирдлагад шилжүүлэх

181.1.Ипотекийн шаардах эрх бүхий үүрэг гүйцэтгүүлэгчийн өргөдлийг үндэслэн шүүх үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар албадан худалдахын оронд бусдын удирдлагад албадан шилжүүлэхээр шийдвэрлэж болох бөгөөд энэ тохиолдолд шүүх үл хөдлөх эд хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээдийг томилох буюу энэ үүргийг өмчлөгчид шилжүүлж болно.

181.2.Шүүх энэ хуулийн 181.1-д заасан шийдвэрийг гаргахын өмнө ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийг бусдын удирдлагад албадан шилжүүлснээр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хохирч болох, улсын бүртгэлд бүртгүүлсэн бүх этгээдийн саналыг сонсох үүрэгтэй.

181.3.Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын удирдлагад албадан шилжүүлснээр тухайн эд хөрөнгөөс олох орлого нь түүнийг удирдсантай холбогдсон зардлаас гагцхүү их байх нөхцөлд шүүх энэ хуулийн 181.1-д заасан шийдвэрийг гаргана.

181.4.Үүрэг гүйцэтгэгч нь өөрөө буюу гэр бүлийн гишүүдийн хамт бусдын удирдлагад албадан шилжүүлсэн барилга буюу түүний хэсэгт оршин суудаг бол орон сууц ашигласны хөлсийг тухайн үеийн ханшаар төлөх үүрэгтэй.

181.5.Үл хөдлөх эд хөрөнгийн албадан удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь тухайн эд хөрөнгийн үр шимийг авч, өөрийн боловсруулж шүүхээр батлуулсан саналын дагуу тухайн эд хөрөнгийг эрхлэн хөтөлсний болон холбогдох бусад бүх зардлыг суутган, үлдэгдлийг оны эцэст хуваарилна.

181.6.Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангасан бол үл хөдлөх эд хөрөнгийн албадан удирдлагыг хэрэгжүүлж байгаа эрх бүхий этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчид нь шилжүүлнэ.

181.7.Албадан удирдсанаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах боломжгүй болох нь илт болсон бол албадан удирдлагыг дуусгавар болгож үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдана.

Print