МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ
Гэрээний эрх зүй
196 дугаар зүйл. Гэрээг байгуулсанд тооцох

196.1.Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно:

196.1.1.эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр;

196.1.2. гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар;

196.1.3.гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаатайгаар илгээсэн бөгөөд дурдсан хугацаанд нөгөө талаас зөвшөөрсөн хариу авсан;

196.1.4.гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаа заалгүй бичгээр илгээсэн бөгөөд түүнийг зөвшөөрсөн тухай хариуг ердийн боломжит хугацаанд хүлээн авсан;

196.1.5.нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн;
196.1.6.гэрээ байгуулах саналыг хүлээн авсан тал зөвшөөрсөн хариуг хугацаанд нь илгээсэн боловч уг хариу хожимдож ирсэн учир гэрээг байгуулахгүй гэж нөгөө тал нь хариу илгээсэн талд нэн даруй мэдэгдээгүй;

196.1.7.ажил хэргийн хүрээнд тогтсон заншил ёсоор санал гаргагч талыг хүлээн зөвшөөрнө гэж үзээд санал хүлээн авагч тал нь саналд дурдсанаас өөр нөхцөлөөр гэрээ байгуулахаар хариу илгээсэн тохиолдолд санал гаргагч татгалзсан тухайгаа нэн даруй мэдэгдээгүй.

196.2.Бусдад үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгч нь ажил төрлийн байнгын холбоо бүхий этгээдээс тухайн төрлийн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх тухай саналыг хүлээн авсан бол ердийн боломжит хугацааны дотор хариу явуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол түүнийг гэрээ байгуулахаар дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

196.3.Санал хүлээн авсан тал татгалзсан хариуг ердийн боломжит хугацааны дотор илгээсэн боловч санал гаргагч тал түүнийг мэдээгүйн улмаас саналд дурдсан үүрэг ёсоор бараа илгээсэн тохиолдолд санал хүлээн авсан тал уг бараанд учирч болох хохирлыг зайлуулах буюу багасгах зорилгоор барааг хүлээн авч хадгалах буюу гэмтээхгүй, муутгахгүй, үрэгдүүлэхгүй байх талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй бөгөөд гарсан зардлыг санал гаргагчаас шаардах эрхтэй.

Print