МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ
Гэрээний эрх зүй
197 дугаар зүйл. Үнэ хаялцуулах ажиллагаа

197.1. Үнэ хаялцуулах замаар гэрээ байгуулж болно.
197.2. Хуульд өөрөөр заагаагүй бол гэрээг үнэ хаялцаж ялсан этгээдтэй байгуулна.

197.3. Үнэ хаялцуулах ажиллагааг зохион байгуулагч нь өмчлөгч буюу эрх эзэмшигч, эсхүл эрх олгогдсон этгээд байж болно.

197.4.Эрх олгогдсон байгууллага өмчлөгч буюу эрх эзэмшигчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр тэдгээрийн нэрийн өмнөөс, эсхүл өөрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулна.

197.5.Эд хөрөнгө буюу эд хөрөнгийн эрхийг худалдах гэрээг гагцхүү хуульд заасан бол үнэ хаялцуулах замаар байгуулна.

197.6.Үнэ хаялцуулах ажиллагааг дуудлага худалдаа буюу уралдааны хэлбэрээр явуулна.

197.7.Дуудлага худалдаагаар үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.

197.8.Уралдаанд ялагч нь уралдааныг зохион байгуулах комиссоос урьдчилан тодорхойлсноор хамгийн сайн нөхцөлийг хангасан этгээд байх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол үнэ хаялцуулах ажиллагааны хэлбэрийг уг эд хөрөнгийн өмчлөгч буюу эд хөрөнгийн эрх эзэмшигч тогтооно.

197.9.Нэг этгээд оролцсон бол дуудлага худалдаа, уралдаан явагдаагүй гэж үзнэ.

197.10.Дуудлага худалдаа буюу уралдааныг нээлттэй буюу хаалттай явуулж болно.

197.11.Нээлттэй дуудлага худалдаа, уралдаанд ямар ч этгээд оролцож болно.

197.12.Хаалттай дуудлага худалдаа, уралдаанд энэ зорилгоор тусгайлан уригдсан этгээд оролцоно.

197.13.Хуульд өөрөөр заагаагүй бол зохион байгуулагч нь зарыг үнэ хаялцуулах ажиллагаа явуулахаас гучаас доошгүй хоногийн өмнө гаргах бөгөөд түүнд ажиллагаа явуулах хэлбэр, газар, хугацаа, гэрээний зүйл, анхны үнэ, оролцогчдыг бүртгэх, ялсан этгээдийг тогтоох журам болон бусад мэдээллийг тусгана. Гэрээний зүйл нь гэрээ байгуулах эрх бол гэрээ байгуулах хугацааг заана.

197.14.Хууль буюу зард өөрөөр заагаагүй бол нээлттэй дуудлага худалдаа, уралдаан зохион байгуулагч тэдгээрийг явуулахаас татгалзах эрхтэй. Гэхдээ дуудлага худалдаа явуулахаар товлон зарласан өдрөөс гурваас доошгүй хоногийн, уралдаан явуулахаар зарласан өдрөөс гучаас доошгүй хоногийн өмнө ийнхүү татгалзаж болно.

197.15.Энэ хуулийн 197.14-т заасан хугацааг зөрчиж дуудлага худалдаа хийх буюу уралдаан явуулахаас татгалзсан зохион байгуулагч оролцогчдод учирсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

197.16.Хаалттай дуудлага худалдаа, уралдаан зохион байгуулагч нь түүнд уригдсан оролцогчдод учирсан хохирлыг ямар хугацаанд дуудлага худалдаа, уралдаан явуулахаас татгалзсанаас үл хамааран нөхөн төлөх үүрэгтэй.

197.17.Үнэ хаялцуулах ажиллагаанд оролцогч зард заасан хэмжээ, журмаар, заасан хугацаанд дэнчин тавина.

197.18.Үнэ хаялцуулах ажиллагааг явуулаагүй, түүнд оролцоогүй, эсхүл оролцсон боловч ялаагүй этгээдэд дэнчинг буцаан олгоно.

197.19.Ялсан этгээдтэй гэрээ байгуулахдаа дэнчинг гэрээний үүргийн гүйцэтгэлд оруулан тооцно.

197.20.Үнэ хаялцуулах ажиллагаанд ялсан этгээд болон ажиллагаа зохион байгуулагч дуудлага худалдаа, уралдааны үр дүнгийн тухай тэмдэглэлд явуулсан өдөрт нь гарын үсэг зурах бөгөөд энэ тэмдэглэл гэрээний адил хүчинтэй байна.

197.21.Ялсан этгээд тэмдэглэлд гарын үсэг зурахаас зайлсхийвэл тавьсан дэнчингээ алдана.

197.22.Зохион байгуулагч тэмдэглэлд гарын үсэг зурахаас зайлсхийвэл нөгөө талын тавьсан дэнчинг буцааж өгөхийн зэрэгцээ ажиллагаанд оролцсоноос учирсан хохирлыг дэнчингээс давсан хэмжээгээр нөхөн төлөх үүрэгтэй.

197.23.Үнэ хаялцуулах ажиллагааг гэрээ байгуулах эрх олж авах нөхцөлтэйгөөр явуулсан бол уг ажиллагааг явуулж дуусаад тэмдэглэл үйлдсэнээс хойш хорь хоногийн дотор, эсхүл зард дурдсан хугацаанд талууд гэрээнд гарын үсэг зурна. Талуудын нэг нь гэрээ байгуулахаас зайлсхийвэл нөгөө тал нь гэрээг байгуулсанд тооцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

197.24.Хуулиар тогтоосон журам зөрчиж явуулсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байна.

197.25.Хүчин төгөлдөр бус үнэ хаялцуулах ажиллагаанд ялсан этгээдтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байна.

197.26.Энэ зүйлд заасан журам шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар явуулах дуудлага худалдаанд нэгэн адил хамаарна.

Print