МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ
Гэрээний эрх зүй
198 дугаар зүйл. Гэрээг тайлбарлах

198.1.Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна.
198.2.Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно.

198.3.Гэрээний зарим үг хэллэгийг нутгийн онцлогоос шалтгаалан өөр өөр агуулгаар тайлбарлаж болохоор байвал гэрээ байгуулсан талуудын оршин суугаа газарт хэрэглэж заншсан агуулгаар, талууд нь өөр өөр газар оршин суудаг бол гэрээ байгуулах саналыг хүлээн зөвшөөрсөн талын оршин суугаа газарт хэрэглэж заншсан агуулгаар тайлбарлана.

198.4.Хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулсан үг хэллэг байвал гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлана.

198.5.Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна.

198.6.Энэ хуулийн 198.1-198.5-д заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ.

Print