МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ
Гэрээний эрх зүй
200 дугаар зүйл. Стандарт нөхцөл гэрээний салшгүй хэсэг болох

200.1.Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ.

200.2.Талууд нэг бүрчлэн тохиролцож тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэж үзэхгүй.

200.3.Дараахь нөхцөл бүрдсэн тохиолдолд стандарт нөхцөл нь талуудын хооронд байгуулсан гэрээний салшгүй хэсэг болно:

200.3.1.санал гаргагч тал нь гэрээ байгуулж байгаа газарт стандарт нөхцөлийг ил тод харагдахаар бичиж энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй гэрээг байгуулахаар заасан бол;

200.3.2.нөгөө тал нь дээрх нөхцөлтэй танилцах боломжтой байсан бөгөөд уг нөхцөлийг зөвшөөрсөн бол.

200.4.Санал хүлээн авагч тал нь аж ахуй эрхлэгч этгээд бөгөөд ажил хэргийн онцлогоос хамаарч стандарт нөхцөлийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан бол стандарт нөхцөл нь гэрээний салшгүй хэсэг болно.

200.5.Стандарт нөхцөлийг илэрхийлсэн гадаад нөхцөл нь хэвшсэн хэлбэрээс өөр байсан учир нөгөө тал нь түүнийг урьдчилан мэдэх боломжгүй байсан бол стандарт нөхцөл нь гэрээний салшгүй хэсэг болохгүй.

Print