МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ
Гэрээний эрх зүй
202 дугаар зүйл. Стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх

202.1.Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ.

202.2.Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараахь нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна:

202.2.1.саналыг хүлээн авах, түүнээс татгалзах зэрэгт хэт урт буюу тодорхой бус хугацаа тогтоосон;

202.2.2.үүргээ гүйцэтгэхэд хэт урт буюу тодорхой бус, хуульд үл нийцэх хугацаа тогтоосон;

202.2.3.гэрээнд заагаагүй бөгөөд тодорхой үндэслэлгүйгээр гэрээг цуцлах эрхтэй байхаар заасан;

202.2.4.гэрээгээр нэгэнт тогтоосон үүргээ нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байхаар заасан;

202.2.5.гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон;

202.2.6.онцгой ач холбогдол бүхий тайлбарыг нөгөө талд гаргасанд тооцохоор заасан;

202.2.7.урт хугацаатай үүргийн харилцаанд үнийг үндэслэлгүйгээр хэт богино хугацаанд огцом өсгөхөөр заасан;

202.2.8.нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн;

202.2.9.нөгөө талдаа үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулах буюу үүргээ гүйцэтгэх боломжийн хугацаа олгох хуулиар тогтоосон үүргээс санал гаргагч талыг чөлөөлсөн;

202.2.10.санал гаргагч тал нь өөрт учирсан бодит хохирлоос хэт давсан хэмжээний нөхөн төлбөр шаардахаар тогтоосон;

202.2.11.санал гаргагч, түүний хууль ёсны төлөөлөгч зэрэг этгээдийн санаатай буюу хэт болгоомжгүй үйлдлийн улмаас учирсан хохирлыг хариуцахыг үгүйсгэсэн буюу хязгаарласан;

202.2.12.үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах нөгөө талын эрхийг хязгаарласан;

202.2.13.санал гаргагч тал нь үүргээ хэсэгчлэн гүйцэтгэснээс нөгөө талын хууль ёсны ашиг сонирхол хохирох тохиолдолд гэрээнээс татгалзах, гэрээгээ цуцалж, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг бүхэлд нь шаардах эрхийг үгүйсгэсэн;

202.2.14.санал гаргагч талын бэлтгэн нийлүүлсэн бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний дутагдлын талаар хүлээх хариуцлагыг хуульд зааснаас бага хэмжээгээр тогтоосон;

202.2.15.санал гаргагч тал хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нөгөө тал гэрээг цуцалсан бол санал гаргагч талд анз төлөхөөр заасан.

202.3.Бараа бүтээгдэхүүн тогтмол нийлүүлэх буюу ажил, үйлчилгээ тогтмол явуулах тухай гэрээний стандарт нөхцөлд дараахь нөхцөлийг тусгасан бол тэдгээр нөхцөл нь хүчин төгөлдөр бус байна:

202.3.1. нөгөө талд хоёроос илүү жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэж байгаа;

202.3.2. аль нэг тал нь гэрээг цуцлах санал гаргаагүй тохиолдолд гэрээг тухай бүр нэг жилээс урт хугацаагаар сунгасанд тооцохоор тогтоосон;

202.3.3. гэрээг цуцлах хугацаа нь гэрээг сунгасанд тооцох хугацаанаас гурван сараас илүү байхаар заасан нь нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэхээр бол.

202.4.Дор дурдсанаас бусад тохиолдолд гуравдагч этгээд санал гаргагч талын оронд түүнтэй адил эрхтэйгээр тухайн гэрээний харилцаанд оролцохоор заасан буюу оролцох бололцоотой байхаар тогтоосон бол стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байна:

202.4.1. гуравдагч этгээдийг нэрээр нь заасан;
202.4.2. нөгөө талд дангаар гэрээг цуцлах эрх олгосон.

202.5.Гэрээний стандарт нөхцөлд хамаарах хэсгүүдийн аль нэг нь хүчин төгөлдөр бус байх, эсхүл гэрээний гол бус нөхцөл болсон тохиолдолд гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр байна.

Print