МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
АРВАН ДОЛООДУГААР БҮЛЭГ
Үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөл байдал
222 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлэх

222.1.Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ:

222.1.1.үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол;
222.1.2.үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол.

222.2.Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

222.3.Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч аливаа болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ийн хариуцлагыг хүлээнэ.

222.4.Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна. Харин үүргийг хугацаанд нь гүйцэтгэсэн ч тохиолдох байсан тохиолдлын улмаас үүссэн хохирлыг хариуцахгүй.

222.5.Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй.

222.6.Хүүгээс анз тооцохгүй.

222.7.Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

222.8.Үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр үүргээ хугацаанаас нь өмнө гүйцэтгэсэн бол хугацаа хэтрүүлсэнтэй адилтгаж үзнэ.

Print