МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ХОРЬДУГААР БҮЛЭГ
Үүрэг дуусгавар болох
236 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болох

236.1.Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно:

236.1.1.үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн;
236.1.2.үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан;

236.1.3.талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон.

236.2.Энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно.

236.3.Үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээн авсныг гэрчлэх баримт бичгийг үүрэг гүйцэтгэгчийн шаардлагаар олгох үүрэгтэй.

236.4.Өрийг хүлээн авсан тухай баримт бичигт хүүгийн тухай заагаагүй бол хүүг төлсөн гэж үзэж мөнгөн төлбөрийн үүрэг бүхэлдээ дуусгавар болно.

236.5.Өрийг тодорхой хэсгээр, үе шаттайгаар төлж байсан бол хамгийн сүүлийн хэсгийг хүлээн авсан тухай баримт бичигт өөрөөр заагаагүй бол өмнөх хэсгүүдийг бүрэн төлсөн гэж үзнэ.

236.6.Үүрэг гүйцэтгүүлэгч, эсхүл эрх бүхий этгээдийн үйлдсэн үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тухай баримт бичигт өрийн төрөл, хэмжээ, үүрэг гүйцэтгэгчийн буюу өр төлсөн этгээдийн овог, эцгийн нэр, үүрэг гүйцэтгэсэн газар, хугацаа зэргийг заана.

236.7.Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг нотлох бичиг өгсөн бол үүрэг гүйцэтгэсэн тухай баримт бичгийн хамт нотлох бичгийг буцаах буюу түүнийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй.

236.8.Үүрэг гүйцэтгүүлэгч нотлох бичгийг буцааж өгч чадахгүй бол үүрэг дуусгавар болсон тухай баримт хийж өгөхийг үүрэг гүйцэтгэгч шаардах эрхтэй.

236.9.Талууд өөрөөр тохиролцоогүй бол үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тухай баримт бичиг олгохтой холбогдсон зардлыг үүрэг гүйцэтгэгч, харин үүрэг гүйцэтгүүлэгч оршин суугаа /оршин байгаа/ газраа өөрчилсөн, эсхүл нас барсан бөгөөд өвлөгч нь өөр газар оршин суудаг /оршин байдаг/ бол үүрэг гүйцэтгүүлэгч буюу түүний өвлөгч тус тус хариуцна.

236.10.Дараахь үйлдэл хийхээс үүрэг гүйцэтгүүлэгч татгалзсан тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхөөс татгалзах эрхтэй:

236.10.1.үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тухай баримт бичиг олгох;
236.10.2.энэ хуулийн 236.7-д заасан нотлох бичгийг буцааж өгөх буюу түүнийг хүчингүй болгох;

236.10.3.үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тухай баримт бичигт нотлох бичгийг буцааж өгөх боломжгүй болсон тухай тэмдэглэл хийх буюу үүрэг дуусгавар болсон баримт хийж өгөх.

236.11.Энэ хуулийн 236.10-т заасан тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

Print