МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ХОРЬДУГААР БҮЛЭГ
Үүрэг дуусгавар болох
238 дугаар зүйл. Харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох

238.1.Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно.

238.2.Аль нэг талын шаардлагыг биелүүлэх хугацаа болоогүй байхад шаардах эрх бүхий тал зөвшөөрсөн бол харилцан шаардлагыг тооцож үүргийг дуусгавар болгож болно.

238.3.Хөөн хэлэлцэх хугацаа дууссан шаардлагуудыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно.

238.4.Хооронд нь тооцож дуусгавар болгох шаардлагуудын хэмжээ харилцан адилгүй байвал бага хэмжээний шаардлагыг бүрэн хэмжээгээр тооцох бөгөөд их хэмжээний шаардлагын нөгөө шаардлагаар нөхөгдөөгүй хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна.

238.5.Үүргийг тооцуулах тухай саналыг хүлээн авсан тал хэд хэдэн шаардлагыг биелүүлэх ёстой байвал энэ хуулийн 216.1-216.3-т заасан журам нэгэн адил үйлчилнэ.

238.6.Нэг тал нь нөгөө талдаа үндсэн үүргийн зэрэгцээ хүү болон бусад зардал төлөх үүрэг хүлээсэн бол энэ хуулийн 216.4-т заасан журам нэгэн адил үйлчилнэ.

238.7.Өөр өөр газар гүйцэтгэвэл зохих үүргийг талууд тохиролцон тооцож үүргийг дуусгавар болгож болно.

238.8.Дараахь тохиолдолд үүргийг харилцан тооцож дуусгавар болгож болохгүй:

238.8.1.талууд үүргийг харилцан тооцохгүй гэж урьдчилан тохиролцсон;

238.8.2.үүргийн зүйлийг төлбөрт авч болохгүй, эсхүл амьжиргааны эх үүсвэр болсон зүйл байсан;

238.8.3.хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон гэм хорыг арилгах үүрэг үүссэн;

238.8.4.хуульд заасан бусад тохиолдол.

Print