МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ХОРЬДУГААР БҮЛЭГ
Үүрэг дуусгавар болох
239 дүгээр зүйл. Өрийг хүчингүй болгосноор үүрэг дуусгавар болох

239.1.Талууд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр өрийг хүчингүй болговол энэхүү үүрэг дуусгавар болно.

239.2.Үүрэг гүйцэтгүүлэгч бусад үүрэг гүйцэтгэгчийн хувьд шаардах эрхээ хэвээр хадгалснаас бусад тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь бүх өрийг дуусгавар болгосон бол бусад үүрэг гүйцэтгэгчийг үүргээс чөлөөлнө.

239.3.Үүрэг гүйцэтгүүлэгч өрөөс чөлөөлөгдсөн үүрэг гүйцэтгэгчид оногдох хэсгийг хасаад үлдсэн хэсгийн хувьд бусад үүрэг гүйцэтгэгчдэд тавих шаардлагаа нэгтгэн гаргаж болно.

239.4.Үндсэн үүрэг гүйцэтгэгчийн өрийг хүчингүй болгосноор батлан даагч буюу баталгаа гаргагч үүргээс чөлөөлөгдөнө.

239.5.Батлан даагч буюу баталгаа гаргагчийг үүргээс чөлөөлсөн явдал нь үндсэн үүрэг гүйцэтгэгчийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

239.6.Хамтран батлан даагчийн аль нэгийг өр төлөхөөс чөлөөлснөөр бусад батлан даагчид үүргээс чөлөөлөгдөнө.

239.7.Хоёр талын гэрээнд аль нэг тал нь шаардлагаасаа татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болохгүй. Энэ тохиолдолд шаардлагаасаа татгалзсан тал нь нөгөө тал шаардлагаасаа татгалзах хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх үүрэгтэй.

Print