МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ХОРИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Үүрэгт олон этгээд оролцох
242 дугаар зүйл. Хамтран үүрэг гүйцэтгэгчид

242.1.Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.

242.2.Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ.

242.3.Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.

242.4.Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нь ч гэрээгээр тогтоосон буюу түүнд эрх олгосон, эсхүл хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хувьд нийтлэг аливаа хариу шаардлагыг үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй.

242.5.Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь хүлээлгэн өгсөн бол бусад үүрэг гүйцэтгэгчид үүргээс чөлөөлөгдөнө.

242.6.Үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч нэг этгээдэд шаардлага гаргаснаар бусад үүрэг гүйцэтгэгчдэд шаардлага гаргах эрхээ алдахгүй.

242.7.Үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгч нэг этгээдээс үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах хугацаа саатуулсан тохиолдолд үүсэх үр дагавар нь бусад үүрэг гүйцэтгэгчдэд нэгэн адил хамаарна.

242.8.Үүрэг гүйцэтгэгч нэг этгээд үүрэг гүйцэтгэх хугацаа зөрчсөн тохиолдолд үүсэх үр дагавар нь бусад үүрэг гүйцэтгэгчдэд хамаарахгүй.

242.9.Хамтран үүрэг гүйцэтгэгч нэг этгээд хэд хэдэн өвлөгчтэй бол тэдгээр нь тус бүрдээ өв залгамжлалаар өөрт ногдох өвтэй хувь тэнцүү хэмжээгээр үүрэг хүлээх боловч шаардлага нь үл хуваагдах шинжтэй бол энэ журам хамаарахгүй.

242.10.Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэгний өр нь үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагатай нэгдсэн бол уг үүрэг гүйцэтгэгчийн өрийн хэмжээгээр бусад үүрэг гүйцэтгэгчийн үүрэг дуусгавар болно.

242.11.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна.

242.12.Хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй.

242.13.Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол үүргийн түүнд оногдох хэсгийг төлбөрийн чадвартай бусад үүрэг гүйцэтгэгчид тэнцүү хуваарилна.

242.14.Хамтран үүрэг гүйцэтгэгч нэг этгээдийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу түр зогссон нь бусад үүрэг гүйцэтгэгчдэд хамаарахгүй.

Print