МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ХОРИН ТАВДУГААР БҮЛЭГ
Эд хөрөнгө хөлслөх
294 дүгээр зүйл. Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болох

294.1.Эд хөрөнгө хөлслөх гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно:

294.1.1.гэрээний хугацаа дууссан;
294.1.2.гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол гэрээ цуцлах тухай аль нэг тал нь мэдэгдсэнээс хойш хууль буюу гэрээнд заасан хугацаа өнгөрсөн;

294.1.3.хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан;

294.2.Хүндэтгэн үзэх дараахь шалтгаанаар талууд гэрээг цуцалж болно:

294.2.1.нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар;

294.2.2.хөлслүүлсэн сууцны талбай хөлслүүлэгчид өөрт нь буюу түүний ойрын төрөл төрөгсдөд хэрэгцээтэй болсон;

294.2.3.хөлслүүлэгчийн санал болгосон зах зээлийн үнэд тохирсон нэмэгдэл хөлс төлөхөөс хөлслөгч татгалзсан;

294.2.4.хуульд заасан бусад үндэслэл.

294.3.Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно.

294.4.Хэрэв эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл нь тавилга бүхий сууцны зориулалттай байр бол хөлслүүлэгч гэрээг цуцлахдаа энэ хуулийн 294.3-т заасан хугацааг баримтлах үүрэгтэй.

294.5.Энэ хуулийн 294.4-т заасан журам зочид буудал, нийтийн байранд хамаарахгүй.

294.6.Орон сууц хөлслөх гэрээг цуцлах шаардлагаа хөлслүүлэгч бичгээр гаргана.

Print