МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ХОРИН ТАВДУГААР БҮЛЭГ
Эд хөрөнгө хөлслөх
306 дугаар зүйл. Орон сууц хөлслөгчийн гэр бүлийн гишүүдийн эрх

306.1.Хөлслөгчтэй хамт амьдарч байгаа нөхөр буюу эхнэр, хүүхэд, эцэг, эхийг түүний гэр бүлийн гишүүн гэж үзнэ.

306.2.Энэ хуулийн 306.1-д заасан гэр бүлийн гишүүний төрөл садангийн бусад хүмүүс, түүнчлэн түүний асрамжид байгаа хөдөлмөрийн чадваргүй нэг жилээс доошгүй хугацаагаар хамт амьдарч, хамтын аж ахуй эрхэлж байгаа тэтгүүлэгч хүмүүсийг хөлслөгчийн гэр бүлийн гишүүнд тооцож болно.

306.3.Гэр бүлийн гишүүний талаархи маргааныг шүүх шийдвэрлэнэ.
306.4.Орон сууц хөлслөгчтэй хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүн нь хууль буюу орон сууц хөлслөх гэрээний дагуу хөлслөгчийн бүх эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ.

306.5.Орон сууц хөлслөгч буюу түүний гэр бүлийн гишүүний хүсэлтээр орон сууц хөлслөх гэрээг гэр бүлийн аль нэг гишүүнтэй байгуулж болно.

306.6.Гэр бүлийн насанд хүрсэн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад орон сууц эзэмших, ашиглах эрхийн талаар гарсан маргааныг орон сууц хөлслөх гэрээг хэн байгуулсныг харгалзахгүйгээр шүүхийн журмаар шийдвэрлэнэ.

306.7.Орон сууц хөлслөгч нас барсан тохиолдолд түүнтэй хамт амьдарч, хамтын ахуй эрхэлж байсан гэр бүлийн гишүүдэд хөлслөгчийн эрх, үүрэг шилжих бөгөөд энэ тохиолдолд гэр бүлийн гишүүд нь энэ хуулийн 294.3-т заасан хугацаанд гэрээг цуцлах эрхтэй.

306.8.Гэрлэлтээ цуцлахдаа гэрлэгчид нь хөлслөн авсан орон сууцыг эзэмших эрхийн талаар маргасан тохиолдолд маргааныг шүүх шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд шүүх хөлслөгч бус эхнэр буюу нөхөрт орон сууцыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бол тэр нь орон сууц хөлслөгч болно.

Print