МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ХОРИН ДОЛООДУГААР БҮЛЭГ
Түрээс
321 дүгээр зүйл. Газрыг хэрэглэгдэхүүний хамт түрээслэх

321.1.Газрыг хэрэглэгдэхүүний хамт түрээсэлсэн түрээслэгч хэрэглэгдэхүүн тус бүрийг арчлан хамгаалах үүрэгтэй.

321.2.Түрээслэгчээс үл хамаарах шалтгаанаар хэрэглэгдэхүүн устах буюу гэмтсэн бол түрээслүүлэгч сольж өгөх үүрэгтэй.

321.3.Газар түрээслэгч хэрэглэгдэхүүнийг түрээслэхдээ тус тусад нь үнэлж, түрээсийн гэрээ дуусгавар болоход түрээслүүлэгчид эргүүлэн өгөхөөр гэрээнд тохиролцсон бол гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлаас хэрэглэгдэхүүн устсан буюу гэмтсэний үр дагаврыг хариуцна.

321.4.Гэрээнд заасан бол түрээслэгч нь түрээсэлж байгаа хэрэглэгдэхүүний зарим хэсгийг аж ахуйн зориулалтаар нь захиран зарцуулж болно.

321.5.Түрээслэгч түрээсэлсэн газрын хэрэглэгдэхүүнийг аж ахуйн зориулалтаар ашиглах шаардлагад нийцсэн хэмжээнд байлгах үүрэгтэй.

321.6.Түрээсийн гэрээ дууссаны дараа түрээсэлсэн хэрэглэгдэхүүнд нийлүүлсэн салгаж үл болох эд юмс түрээслүүлэгчийн өмчлөлд шилжинэ.

321.7.Түрээсийн гэрээ дуусгавар болсноор түрээслэгч түрээсэлсэн хэрэглэгдэхүүнийг түрээслүүлэгчид буцаан өгөх үүрэгтэй.

321.8.Хэрэв хэрэглэгдэхүүнийг түрээслэгчид шилжүүлсэн үеийн үнэ, түрээслэгчээс түрээслүүлэгчид буцаан өгөх үеийн үнийн хооронд зөрүү гарсан бол энэ зөрүүг түрээслэгч нөхөн төлнө. Хэрэглэгдэхүүний үнийг түрээсийн гэрээ дуусгавар болох үеийн ханшаар тогтооно.

321.9.Түрээслүүлэгч нь түрээслэгчийн нийлүүлсэн, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд ач холбогдолгүй, эсхүл хэт их үнэтэй хэрэглэгдэхүүнийг хүлээн авахгүй байх буюу төлбөр төлөхөөс татгалзах эрхтэй.

321.10.Түрээслэгч нь түрээсэлсэн газрын хэрэглэгдэхүүний талаар гаргасан шаардлагаа хангуулах үүднээс түрээсээр эзэмшиж байгаа газрын хэрэглэгдэхүүнээс барьцаалах эрхтэй. Түрээслүүлэгч шаардлагыг өөр байдлаар хангах болсон бол түрээслэгч барьцаалах эрхээсээ татгалзах, харин шаардлагын зохих хэсгийг мөнгөн хэлбэрээр хангасан бол түрээслэгч барьцаанд байгаа хэрэглэгдэхүүний аль нэг хэсгийг барьцаанаас чөлөөлнө.

Print