МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ГУЧИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Ажил гүйцэтгэх
352 дугаар зүйл. Ажил гүйцэтгэх гэрээний талуудын гаргах шаардлага

352.1.Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ.

352.2.Захиалагч дараахь шаардлага гаргах эрхтэй:

352.2.1.гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх;

352.2.2.доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх;

352.2.3.доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах.

352.3.Доголдлыг арилгахад харьцангуй их зардал шаардагдахаас шалтгаалан ажил гүйцэтгэгч гэрээнээс татгалзсан бол энэ хуулийн 352.2.2-т заасан захиалагчийн эрх дуусгавар болно.

352.4.Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана.

352.5.Ажил гүйцэтгэгч дараахь шаардлага гаргах эрхтэй:

352.5.1.гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй буюу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх энэ хуулийн 351.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх;

352.5.2.ажлын үр дүнгийн доголдлыг арилгах зорилгоор ажлыг шинээр гүйцэтгэж шинэ үр дүнг захиалагчид шилжүүлсэн бол өмнө нь шилжүүлсэн зүйлээ буцааж авах;

352.5.3.захиалагч өөрийн буруугаар ажлын үр дүнг хүлээж аваагүй байхад гүйцэтгэсэн ажлын үр дүн гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас устсан, гэмтсэн, эсхүл захиалагчийн буруугаар ажлыг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд ажлын хөлсөө төлүүлэх.

Print