МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ГУЧИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Аялал жуулчлал
373 дугаар зүйл. Гэрээ дуусгавар болох

373.1.Дараахь үндэслэлээр гэрээг дуусгавар болгоно:

373.1.1.аяллын доголдлоос болж жуулчинд үлэмж хохирол учирсан;
373.1.2.жуулчин хүндэтгэн үзэх шалтгаанаар аялалд оролцох боломжгүй болсон тухай аялал зохион байгуулагчид мэдэгдсэн;

373.1.3.аялал жуулчлал зохион байгуулагч нь жуулчны тогтоосон хугацаанд доголдлыг арилгаагүй.

373.2.Энэ хуулийн 373.1-д заасан үндэслэлээр гэрээг дуусгавар болгосон бол аялал жуулчлал зохион байгуулагч нь хэлэлцэн тохиролцсон хөлс авах эрхээ алдана. Нэгэнт үзүүлсэн доголдолгүй үйлчилгээнийхээ хөлсийг шаардах эрхтэй.

373.3.Гэрээ дуусгавар болсны дараа аялал жуулчлал зохион байгуулагч жуулчныг буцааж хүргэх үүрэг гэрээгээр хүлээсэн бол энэ үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. Энэ тохиолдолд жуулчныг буцааж хүргэхтэй холбогдсон зардлыг аялал жуулчлал зохион байгуулагч хариуцна.

373.4.Гэрээ байгуулах үед урьдчилан мэдэх боломжгүй байсан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас аялал хийхэд ноцтой хүндрэл учирсан буюу жуулчинд хохирол учруулж болох өөр бусад нөхцөл бий болсон бол аялал жуулчлал зохион байгуулагч, жуулчны аль нь ч гэрээг дуусгавар болгох эрхтэй бөгөөд жуулчныг буцаахтай холбогдох зардлыг талууд тэнцүү хэмжээгээр хариуцна.

Print