МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ГУЧИН ТАВДУГААР БҮЛЭГ
Тээвэрлэлт
388 дугаар зүйл. Тээвэрлэгчид ачааг хүлээлгэн өгөх

388.1.Тээвэрлэгч ачааг хүлээн авахдаа дараахь зүйлийг шалгах үүрэгтэй:

388.1.1.дагалдах бичигт заасан ачааны тоо, хэмжээ, тэмдэг үнэн зөв эсэх;

388.1.2.ачааны гадаад байдал, сав, баглаа, боодол.

388.2.Тээвэрлэгч энэ хуулийн 388.1.1-д заасан үүргээ гүйцэтгэх бололцоогүй бол энэ тухай болон ачааны гадаад байдал, сав, баглаа, боодлын талаар дагалдах бичигт тэмдэглэнэ.

388.3.Ачаа илгээгч нь ачааны жин болон бусад хэмжигдэхүүнээр тэмдэглэсэн түүний тоо, хэмжээ, түүнчлэн тээвэрлэх ачааны бүрэлдэхүүн хэсгүүдийг шалгаж, дагалдах бичигт тэмдэглэхийг тээвэрлэгчээс шаардаж болох бөгөөд үүнтэй холбогдон гарах зардлыг тээвэрлэгч хариуцна.

388.4.Тээвэрлэгч нь ачааг хүлээн авсан болон гэрээний агуулга эсрэгээр нотлогдох хүртэл дагалдах бичгийг гэрээ байгуулсны нотолгоо гэж үзнэ.

388.5.Ачааны дагалдах бичигт энэ хуулийн 388.2-д заасан тэмдэглэл хийгээгүй бол эсрэгээр нотлогдох хүртэл ачааг хүлээн авахад түүний сав, баглаа боодлын гадаад байдал доголдолгүй, ачааны тоо хэмжээ, тэмдэг дугаар дагалдах бичигт заасантай тохирч байна гэж үзнэ.

388.6.Тээвэрлэгч ачааг хүлээн авах үед түүний илэрхий доголдлын талаар мэдэж байсан бөгөөд үүнтэй холбоотой ямар нэг болзол тавиагүйгээс бусад тохиолдолд ачааны сав, баглаа, боодлын улмаас бусдад учирсан хохирлыг ачаа илгээгч хариуцна.

388.7.Ачаа илгээгч нь ачааг зохих газарт хүргэхэд шаардагдах гаалийн болон бусад бүх баримт бичгийг дагалдах бичигт хавсаргах буюу тээвэрлэгчид өгч, тээвэрлэгчийг зохих мэдээллээр бүрэн хангах үүрэгтэй.

388.8.Тээвэрлэгч энэ хуулийн 388.7-д заасан баримт бичиг, мэдээллийн үнэн зөв болон хангалттай эсэхийг шалгах үүрэггүй.

388.9.Тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагаанаас бусад тохиолдолд ачаа илгээгч нь баримт бичиг, мэдээллийн дутуу болон буруугаас учирсан гэм хорыг тээвэрлэгчийн өмнө хариуцна.

388.10.Дагалдах бичигт хавсаргасан буюу өөрөө хүлээн авсан баримт бичгийг үрэгдүүлсэн, буруугаар ашигласны хариуцлагыг тээвэрлэгч хүлээнэ. Гэхдээ хариуцлагын хэмжээ нь ачааг үрэгдүүлснээс үүсэх хариуцлагаас ихгүй байна.

Print