МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ГУЧИН ТАВДУГААР БҮЛЭГ
Тээвэрлэлт
391 дүгээр зүйл. Тээвэрлэлтийг гэрээнд зааснаар гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал

391.1.Ачааг зохих газарт нь хүргэх, хүлээлгэн өгөхөөс өмнө тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичигт заасан нөхцөлөөр, эсхүл бүхэлд нь гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд тээвэрлэгч нь энэ хуулийн 389 дүгээр зүйлд заасны дагуу ачааг захиран зарцуулах эрхийг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй.

391.2.Нөхцөл байдал нь дагалдах бичигт зааснаас өөрөөр тээвэрлэхэд хүргэж, тээвэрлэгч нь эрх бүхий этгээдээс энэ хуулийн 389 дүгээр зүйлд заасан шинэ зааврыг зохих хугацаанд авч чадаагүй тохиолдолд тэрээр эрх бүхий этгээдийн ашиг сонирхолд илүү нийцэх арга хэмжээг авах үүрэгтэй.

391.3.Түргэн муудах ачаа, эсхүл ачааны нөхцөл байдал зайлшгүй шаардсан буюу хадгалалтын зардал нь ачааны өртгөөс давахаар бол тээвэрлэгч нь эрх бүхий этгээдийн зааврыг хүлээлгүйгээр ачааг худалдах шийдвэр гаргаж болно.

391.4.Ачааг энэ хуулийн 391.3-т заасны дагуу худалдсанаас олсон орлогоос ачаатай холбогдон гарах зардлыг хасаж, үлдсэнийг нь эрх бүхий этгээдэд шилжүүлнэ. Ачаатай холбогдон гарах зардал ачааг худалдсан орлогоос давсан тохиолдолд тээвэрлэгч зөрүүг нөхөн төлүүлэхээр шаардаж болно.

391.5.Ачааг зохих газарт хүргэсний дараа түүнийг хүлээлгэн өгөхөд саад болох нөхцөл байдал үүсвэл тээвэрлэгч нь ачаа илгээгчээс зааварчилгаа шаардах эрхтэй.

391.6.Ачаа хүлээн авагч нь ачааг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд ачаа илгээгчээс өөр заавар өгөөгүй бол тээвэрлэгч нь ачааг хүлээн авахыг шаардаж болно.

391.7.Ачаа хүлээн авагч нь энэ хуулийн 389.4-т заасны дагуу ачааг гуравдагч этгээдэд хүлээлгэн өгөх заавар өгснөөс хойш ачааг хүлээлгэн өгөхөд саад болох нөхцөл байдал үүсч, энэ хуулийн 391.1, 391.2-т заасныг хэрэглэхэд хүлээн авагч нь ачаа илгээгчийн, 3 дахь этгээд нь хүлээн авагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

391.8. Энэ хуулийн 391.1, 391.3, 391.5-391.7-д заасан тохиолдолд тээвэрлэгч эрх бүхий этгээдийн зардлаар ачааг буулгаж болно. Энэ тохиолдолд тээвэрлэлтийг дууссанд тооцож тээвэрлэгч ачааг хадгалах буюу уг үүргийг гуравдагч этгээдэд даалгаж болно.

Print