МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ГУЧИН ТАВДУГААР БҮЛЭГ
Тээвэрлэлт
393 дугаар зүйл. Тээвэрлэгчийн хариуцлага

393.1.Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна.

393.2.Эрх бүхий этгээдийн буруугаас, эсхүл түүний зааварчилгыг биелүүлснээс ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн буюу тээвэрлэлтийн хугацаа хэтэрсэн, эсхүл дээрх нөхцөл байдал, түүний үр дагаврыг урьдчилан арилгах боломж тээвэрлэгчид байгаагүй бол тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөнө.

393.3.Тээвэрлэгч өөрийн буруугаас хохирол учруулсан бол түүний хүлээх хариуцлагыг хязгаарласан буюу нотлох үүргээс чөлөөлсөн энэ бүлэгт заасан журам хамаарахгүй.

393.4.Дараахь нөхцөл байдлын улмаас ачаа алдагдсан, дутсан буюу гэмтсэн бол тээвэрлэгч энэ хуулийн 393.6-393.8-д заасан хариуцлагаас чөлөөлөгдөнө:

393.4.1.талууд шууд тохиролцон, дагалдах бичигт тэмдэглэснээр задгай тээврийн хэрэгсэл ашигласан;

393.4.2.ачаа сав, баглаа, боодолгүй буюу түүний чанар муу байсан;
393.4.3.ачаа илгээгч, хүлээн авагч, эсхүл тэдгээрийг төлөөлөх гуравдагч этгээд ачаанд үзлэг хийж ачсан буюу буулгасан;

393.4.4.тодорхой төрлийн ачааны онцлогоос хамаарч эвдрэх, зэврэх, хатах, элэгдэх, хэвийн алдагдал гарах, асгарах болон мэрэгч амьтдын нөлөөлөл зэргээр хэсэгчлэн буюу бүрэн гэмтэх аюул байсан;

393.4.5.тээвэрлэх ачааны дугаар буюу тэмдэглэл шаардлага хангаагүй байсан;

393.4.6.амьтан тээвэрлэсэн.

393.5.Энэ хуулийн 393.4-т заасан нөхцөл байдал байсан боловч гэм хор учирсан шалтгаан нь дээрхээс өөр бол гэм хорыг тээвэрлэгч хариуцна.

393.6.Энэ хуулийн 393.4-т заасан нэг буюу хэд хэдэн нөхцөлийн улмаас ачаа алдагдсан, дутсан буюу гэмтсэнд гэм буруугүй болохоо тээвэрлэгч нотолж чадвал хариуцлагаас чөлөөлөгдөнө.

393.7.Энэ хуулийн 393.4.1-д заасан тохиолдолд давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн бол энэ хуулийн 393.6 хамаарахгүй.

393.8.Энэ хуулийн 384.3-т заасан журам ачаа тээвэрлэгчид нэгэн адил хамаарна.

Print