МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ГУЧИН ТАВДУГААР БҮЛЭГ
Тээвэрлэлт
396 дугаар зүйл. Дамжуулан гүйцэтгэх тээвэрлэлт

396.1.Нэг гэрээгээр хэд хэдэн тээвэрлэгч тээвэрлэлтийг дамжуулан гүйцэтгэхээр байвал тээвэрлэгч бүр тээвэрлэлтийн үүргийг бүхэлд нь хариуцах бөгөөд дамжуулан тээвэрлэхээр ачааг хүлээн авч байгаа тээвэрлэгч ачаа болон дагалдах бичгийг хүлээн авснаар гэрээний тал болно.

396.2.Өмнөх тээвэрлэгчээс ачааг хүлээн авсан тээвэрлэгч түүнийг хүлээн авсан он, сар, өдрийг тэмдэглэж, гарын үсэг зурж баталгаажуулсан баримт бичгийг өмнөх тээвэрлэгчид өгөх үүрэгтэй бөгөөд дагалдах бичгийн 2 дахь хувь дээр өөрийн нэр, хаягийг заана.

396.3.Шаардлагатай тохиолдолд ачааг хүлээн авч байгаа тээвэрлэгч нь энэ хуулийн 388.2-т заасан тэмдэглэл болон ачаа хүлээн авсныг гэрчлэх тэмдэглэлийг дагалдах бичгийн 2 дахь хувь дээр тусгаж болно.

396.4.Ачаа дамжуулан тээвэрлэхэд ачааг хүлээлгэн өгч байгаа болон хүлээн авч байгаа тээвэрлэгчдэд энэ хуулийн 388.4, 388.5 нэгэн адил хамаарна.

396.5.Ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн буюу хугацаа хэтэрснээс үүсэх гэм хорыг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг гагцхүү эхний болон эцсийн тээвэрлэгчид, эсхүл ачаа үрэгдүүлж, гэмтээсэн буюу хугацаа хэтрүүлсэн тээвэрлэгчид гаргаж болох бөгөөд нэг шаардлагыг хэд хэдэн тээвэрлэгчид гаргах эрхтэй.

396.6.Тээвэрлэгч дараахь тохиолдолд сөрөг шаардлага гаргах эрхтэй:

396.6.1.ачаа алдсан, дутаасан буюу гэмтээсэн тээвэрлэгч хэд хэдэн тээвэрлэгчийн хамтран хариуцвал зохих гэм хорыг дангаар нөхөн төлсөн;

396.6.2.хэд хэдэн тээвэрлэгч ачааг алдсан, дутаасан, гэмтээсэн бол тус тусдаа өөрийн хүлээх хариуцлагад хувь тэнцүүлэн гэм хорыг нөхөн төлөх бөгөөд үүнийг тогтоох бололцоогүй тохиолдолд тээвэрлэгч тус бүр авсан хөлстэйгээ хувь тэнцүүлэн хариуцлага хүлээсэн;

396.6.3.тээвэрлэгчдийн хэн нь гэм хорыг нөхөн төлөхийг тогтоох бололцоогүйгээс энэ зүйлд заасны дагуу хувь тэнцүүлэн хариуцлага хүлээсэн.

396.7.Хэрэв тээвэрлэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол түүний төлөх ёстой байсан төлбөрийг бусад тээвэрлэгчид авсан хөлстэйгээ хувь тэнцүүлэн хариуцна.

396.8.Сөрөг шаардлага гаргаж байгаа тээвэрлэгч нь үндэслэлгүйгээр төлбөр гүйцэтгэсэн, эсхүл төлбөр нөхөн төлөх тухай шийдвэрийг шүүх гаргахдаа үүрэг бүхий этгээдэд зохих журмын дагуу урьдчилан мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаанд оролцох боломжтой байгаад оролцоогүй бол сөрөг шаардлага гаргах буюу сөрөг шаардлагыг хангахаас татгалзах эрхгүй.

396.9.Ачаа дамжуулан тээвэрлэгчид нь энэ хуулийн 396.6, 396.7-д зааснаас бусад асуудлаар харилцан тохиролцож болно.

Print