МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ГУЧИН ДОЛООДУГААР БҮЛЭГ
Хөрөнгө итгэмжлэх
406 дугаар зүйл. Хөрөнгө итгэмжлэх гэрээ

406.1.Хөрөнгө итгэмжлэх гэрээгээр итгэмжлэгч нь хөдлөх эд хөрөнгө буюу эрхийг итгэмжлэгдсэн өмчлөгчид шилжүүлэх, итгэмжлэгдсэн өмчлөгч нь итгэмжилсэн хөрөнгийг хүлээн авч итгэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн, захиран зарцуулах үүрэг тус тус хүлээнэ.

406.2.Хөрөнгө итгэмжлэх гэрээг бичгээр хийнэ.
406.3.Итгэмжлэгдсэн өмчлөгч нь итгэмжилсэн хөрөнгийг өөрийн нэрийн өмнөөс, итгэмжлэгчийн зардал, эрсдлээр захиран зарцуулах үүрэгтэй.

406.4.Итгэмжлэгдсэн өмчлөгч гуравдагч этгээдтэй харилцаанд орохдоо өмчлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, үр дагаврыг нь хариуцах бөгөөд итгэмжлэгчийн ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулсны улмаас түүнд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

406.5.Гэрээнд өөрөөр заагаагүй бол итгэмжлэгдсэн өмчлөгч итгэмжилсэн хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаа явуулсны төлөө итгэмжлэгчээс хөлс авахгүй.

406.6.Итгэмжилсэн хөрөнгөөс олсон орлого, үр шимийг итгэмжлэгч өмчилнө.

Print