МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ГУЧИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Илгээмжийн гэрээ
408 дугаар зүйл. Илгээгчийн эрх, үүрэг

408.1.Илгээгч нь илгээмжийн гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг хангахуйц байдлаар ачаа, илгээмжийг тээвэрлэх, тээвэрлэлтэд оролцох этгээдийг сонгох, захиалагчийн ашиг сонирхлын дагуу түүний өгсөн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй.

408.2.Захиалагч хүсвэл илгээгч илгээмжийг даатгуулах үүрэгтэй. Захиалагч хүсэлт гаргаагүй бол илгээгч ердийн нөхцөлийн дагуу илгээмжийг даатгуулж болно.

408.3.Захиалагч татгалзаж байгаагаа бичгээр тусгайлан илэрхийлээгүй бол илгээгч нь захиалагчийн зардлаар илгээгчийн үйлдлийн улмаас учирч болзошгүй гэм хорын даатгалын гэрээг өөрийн сонгосон даатгагчтай байгуулах бөгөөд энэ тухай захиалагчид мэдээлэх үүрэгтэй.

408.4.Энэ хуулийн 408.3-т заасан даатгалын гэрээг баримтлан захиалагч нь учирсан гэм хорын талаар илгээгчид нэн даруй мэдээлэх бөгөөд илгээгч уг мэдээллийг даатгагчид дамжуулна.

408.5.Илгээмж хүлээн авагч илгээмжийг хүлээн аваагүй, эсхүл бусад үндэслэлээр илгээмжийг хүлээн авах боломжгүй болсон бол илгээгчийн эрх, үүргийг тээвэрлэлтийн дүрмээр тодорхойлно.

408.6.Талуудын оролцоотойгоор илгээмжийг шалгах боломжгүй бол илгээмжийг хүлээн авагч нь ачаанд учирсан гэм хорыг олж тогтоон илгээмжийг хүлээлгэн өгөгчид мэдэгдсэнээс бусад тохиолдолд илгээмжийг бүрэн бүтэн, аливаа гэмтэлгүй болохыг хүлээн зөвшөөрч, хүлээж авсанд тооцно.

408.7.Хэрэв илгээмж илт дутагдсан, эсхүл гэмтсэн байвал илгээмж хүлээн авагч энэ тухай илгээмжийг хүлээн авсан өдөрт нь багтааж илгээгчид мэдээлнэ.

408.8.Гэрээнд өөрөөр заагаагүй бол илгээгч илгээмжийг өөрийн зардал, хэрэгслээр тээвэрлэж болно. Энэ тохиолдолд илгээгч нь тээвэрлэгчтэй нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд энэ нь захиалагчийн эрх ашгийг үл хөндөнө.

408.9.Илгээгч өөрөө, эсхүл түүний ажилтан гэм буруутай бол гэрээнээс үүсэх хариуцлагыг хүлээнэ.

408.10.Гуравдагч этгээд гэрээний талуудад гэм хор учруулсан бол илгээгч нь захиалагчийн зөвшөөрснөөр түүний зардал, эрсдэлээр шаардах эрх эдлэхээс бусад тохиолдолд гуравдагч этгээдэд шаардлага гаргах эрхийг захиалагчийн шаардсанаар түүнд шилжүүлэх үүрэгтэй.

408.11.Илгээгч, түүний ажилтан санаатай, эсхүл илт хайхрамжгүй хандаж захиалагчид гэм хор учруулсан бол тэдгээрийн хариуцлагыг хязгаарласан, эсхүл гэм бурууг нотлох үүргийг бусдад ногдуулсан гэрээний заалтууд хүчин төгөлдөр бус байна.

Print