МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ГУЧИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Илгээмжийн гэрээ
409 дүгээр зүйл. Захиалагчийн эрх, үүрэг

409.1.Захиалагч илгээмжийн талаархи болон бусад шаардлагатай мэдээлэл, түүний тээвэрлэлттэй холбоотой баримт бичгийг бүрдүүлж илгээгчид өгөх үүрэгтэй.

409.2.Захиалагч энэ хуулийн 409.1-д заасан мэдээллийн үнэн зөвийг нотлох баримтыг илгээгчид шилжүүлж өгөх үүрэгтэй.

409.3.Захиалагч тээвэрлүүлэхээр шилжүүлсэн илгээмжийн онцлог шинж чанар, учруулж болзошгүй аюул, аюулгүй ажиллагааны талаар илгээгчид мэдээлнэ.

409.4.Захиалагч энэ хуулийн 409.3-т заасан үүргээ биелүүлээгүй бол илгээгч түүний шилжүүлсэн илгээмжийг аль ч үед устгах, буулгах, эсхүл аюулыг нь арилгах арга хэмжээ авч болох бөгөөд үүний улмаас захиалагчид учирсан гэм хорыг нөхөн төлөхгүй.

409.5.Захиалагч илгээмжийг тээвэрлэлтийн шаардлагад нийцүүлэн баглах үүрэгтэй.

409.6.Илгээмжийг бусдаас ялгах шаардлагатай бол захиалагч илгээмжийг эрх бүхий этгээдэд хүргэхээс өмнө таних тэмдэг тавих үүрэгтэй.

409.7.Баглаа боодол, таних тэмдэггүй, эсхүл тэдгээр нь дутуу буюу буруу байгааг илгээгч мэдсээр байж энэ талаар захиалагчид мэдээлээгүйгээс бусад тохиолдолд энэ хуулийн 409.5, 409.6-д заасан шаардлагыг биелүүлээгүйн улмаас учирсан гэм хорыг захиалагч хариуцна.

409.8.Захиалагч илгээмжийг нэг бүрчлэн шалгахыг илгээгчид даалгаж, нэмэлт хөлс төлж болно.

409.9.Захиалагч илгээмжийг илгээгчид шилжүүлсний дараа хөлсийг төлнө.

Print