МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ГУЧИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Зуучлал
411 дүгээр зүйл. Зуучлах онцгой эрх

411.1.Зуучлах онцгой эрхийн гэрээгээр зуучлуулагч нь тодорхой хугацааны турш өөр зуучлагчийн үйлчилгээнээс татгалзах, зуучлагч энэ хугацаанд гэрээ байгуулахад туслалцаа үзүүлэх үүргийг тус тус хүлээнэ.

411.2.Зуучлуулагч энэ хуулийн 411.1-д заасан хугацаанд өөр зуучлагчаар үйлчлүүлэх гэрээ байгуулсан бол зуучлагч өөрт учирсан хохирлыг нотлогдсон хэмжээгээр нөхөн төлүүлэх эрхтэй. Худалдах-худалдан авах гэрээ байгуулахад зуучлах байсан бол нөхөн төлүүлэх хохирлын хэмжээ гэрээний үнийн хоёр хувиас хэтрэхгүй.

411.3.Зуучлуулагч нь зуучлагчийн тусламжгүйгээр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд зуучлагчид хөлс, шагнал олгохоор тохиролцож болно. Худалдах-худалдан авах гэрээ байгуулахад зуучлах бол хөлс, шагналын хэмжээ гэрээний үнийн таван хувиас хэтрэхгүй.

411.4.Зуучлах онцгой эрхийн гэрээг бичгээр хийнэ.
411.5.Зуучлах онцгой эрхийн гэрээг зөвхөн онцгой нөхцөл байдал бий болсон үед цуцалж болно.

411.6.Гэрээнд өөрөөр заагаагүй бол зуучлах даалгаврыг өгснөөс хойш зургаан сар өнгөрвөл түүнийг хугацаа харгалзахгүйгээр цуцалж болно.

411.7.Зуучлагч гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний зүйл нь зуучлагчийн өмчлөлийн зүйл байсан бол зуучлуулагч нь зуучлагчид зуучлалын хөлс, шагнал болон зардлыг нөхөн төлөхгүй бөгөөд энэ журам хожим илэрсэн дараахь тохиолдолд нэгэн адил үйлчилнэ:

411.7.1.зуучлагч өөрөө гуравдагч этгээд байсан;
411.7.2.зуучлагч нь гуравдагч этгээдийн оролцдог хуулийн этгээд байсан;

411.7.3.гуравдагч этгээд нь зуучлагчийн оролцдог хуулийн этгээд байсан;

411.7.4.зуучлагч болон гуравдагч этгээд хоорондоо албан тушаалын болон хөдөлмөрийн харилцаатай байсан;

411.7.5.зуучлагч нь гуравдагч этгээдийн гэр бүлийн гишүүн байсан.

411.8.Зуучлагч гуравдагч этгээдтэй гэрээ байгуулахаас өмнө зуучлуулагчид энэ хуулийн 411.7-д заасан нөхцөл байдлыг урьдчилан мэдэгдсэн бол хөлс, шагнал авах буюу гаргасан зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй.

411.9.Зуучлагч гэрээг зөрчиж, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс ажиллавал хөлс, шагнал авах буюу зардлаа нөхөн төлүүлэх эрхээ алдана.

411.10.Энэ хуулийн 411.7, 411.8-д заасан журмыг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

Print