МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ГУЧИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Зуучлал
413 дугаар зүйл. Худалдааны зуучлагч

413.1.Аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах-худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

413.2.Энэ хуулийн 413.1-д зааснаас бусад хэлцэл болон үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцлийг худалдааны зуучлагчийн тусламжтайгаар хэрэгжүүлсэн тохиолдолд худалдааны зуучлагч гэж үзэхгүй.

413.3.Гэрээний талууд хориглоогүй буюу тухайн үүргээс чөлөөлөөгүй бол хэлцэл байгуулагдсаны дараа зуучлагч нь гэрээний талуудад хэлцлийн зүйл, нөхцөл, оролцогч тал, бараа, үнэт цаас худалдах худалдан авах гэрээ байсан бол тэдгээрийн төрөл, тоо, хэмжээ, гэрээний үнэ, хугацаа зэргийг тусгасан баримтыг гарын үсэг зурж олгоно.

413.4.Нэн даруй биелэгдэхээс бусад хэлцэлд энэ хуулийн 413.3-т заасан баримт бичигт талууд гарын үсэг зурна.

413.5.Хэрэв хэлцлийн нэг тал баримтад гарын үсэг зурах буюу эсхүл түүнийг хүлээн авахаас татгалзвал худалдааны зуучлагч нөгөө талд энэ тухай нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

413.6.Нөгөө талыг заагаагүй худалдааны зуучлагчийн баримтыг талуудын аль нэг нь хүлээн авсан бөгөөд хожим мэдэгдсэн талын эсрэг үндэслэл бүхий гомдол гаргаагүй бол түүнтэй хэлцэл хийсэн гэж үзнэ.

413.7.Гэрээний нэг талыг зуучлагч ердийн боломжит буюу үүргийн шинж чанарт тохирсон хугацаанд нөгөө талд мэдэгдэх үүрэгтэй.

413.8.Гэрээний нэг тал нь нэрлэгдээгүй, эсхүл нэрлэгдсэн этгээдийн эсрэг үндэслэл бүхий гомдол гаргасан бол нөгөө тал нь гэрээ байгуулахтай холбогдсон үр дагаврыг шаардах эрхтэй.

413.9.Дээж авах замаар барааг худалдаж байвал худалдааны зуучлагч нь барааны дээжид тусгай тэмдэг тавих, дээжийг гэрээний талуудад олгох зорилгоор худалдан авагч барааны чанарт гомдол гаргалгүйгээр хүлээж авах хүртэл хадгалах үүрэгтэй.

413.10.Талууд хоорондын зуучлалын үр дүнд байгуулагдсан гэрээнээс худалдааны зуучлагч аливаа ашиг олох, эсхүл мөнгөн төлбөр авах эрхгүй.

413.11.Худалдааны зуучлагч өөрийн буруугаас үүссэн хохирлыг талуудын өмнө хариуцна.

413.12.Худалдааны зуучлагчид олгох зуучлалын хөлс, шагналыг хэн төлөх талаар тохиролцоогүй бол гэрээний талууд тогтоосон хөлс, шагналыг тэнцүү хэмжээгээр төлөх үүрэгтэй.

Print