МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ГУЧИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Зуучлал
415 дугаар зүйл. Худалдааны төлөөлөгч, комисс

415.1.Үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар гэрээ байгуулах буюу бараа, эрх, үйлчилгээг борлуулахад зуучилж байгаа этгээдийг худалдааны төлөөлөгч гэнэ.

415.2.Өөрийн нэрийн өмнөөс, гэхдээ бусдын зардлаар барааг борлуулж, эрх хэрэгжүүлэх этгээдийг комисс гэнэ.

415.3.Худалдааны төлөөлөгч буюу комисс нь үйлчлүүлэгчийн заавраар түүний эрх ашиг, ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, үйлчлүүлэгчийг шаардлагатай мэдээллээр хангана. Гэрээнд өөрөөр заагаагүй бол улирал бүрийн сүүлчийн арав хоногт өөрийн үйл ажиллагааны үр дүн, үйлчилгээний хөлс, шагналын тооцоо, комиссийн төлбөрийн дүн зэргийг агуулсан тайланг үйлчлүүлэгчид гаргаж өгнө.

415.4.Сар бүрийн эцэст үйлчлүүлэгч хөлс, шагналыг, комисс нь олсон ашгаа үйлчлүүлэгчид тус тус төлнө.

415.5.Үйлчлүүлэгч гэрээнд заасан нөхцөлийг биелүүлээгүй, эсхүл зуучлалын үндсэн дээр зохих хэлцэл байгуулаагүй бол худалдааны төлөөлөгч, комисс нь хөлс, шагнал шаардах эрхтэй.

415.6.Хэрэв хэлцлийг үйлчлүүлэгчийн бус нөгөө талын буруугаас байгуулаагүй бол хөлс, шагнал шаардах эрх үүсэхгүй.

415.7.Хэлцэл хийгч нөгөө тал үүргээ гүйцэтгэж чадахгүй болох нь тогтоогдвол худалдааны төлөөлөгч, комисс нь хөлс, шагнал шаардах эрхээ алдаж, өмнө авсан хөлс, шагналыг үйлчлүүлэгчид буцаан өгнө.

415.8.Комисс нь барааг үйлчлүүлэгчийн тогтоосон үнээс өөр үнээр худалдах тохиолдолд түүнд энэ тухай нэн даруй мэдэгдэх бөгөөд энэ тохиолдолд үйлчлүүлэгч хариу өгөөгүй бол түүнийг зөвшөөрсөнд тооцно.

415.9.Барааг илүү ашигтайгаар худалдсан тохиолдолд олсон ашиг нь үйлчлүүлэгчид үлдэнэ.

Print