МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ДӨЧДУГААР БҮЛЭГ
Шагнал олгохоор нийтэд амлах, уралдаант шалгаруулалт
421 дүгээр зүйл. Уралдаант шалгаруулалт

421.1.Ямар нэгэн ажлыг гүйцэтгэх тодорхой болзлыг хангаж шалгарсан этгээдэд шагнал буюу эрх олгохоор нийтэд зарласан иргэн, хуулийн этгээд нь зарласан болзол ёсоор шалгарсан этгээдэд тухайн шагнал буюу эрхийг олгох үүрэг хүлээнэ.

421.2.Уралдаант шалгаруулалтын болзолд гүйцэтгэх ажил, түүний хугацаа, тодорхой эрх олгох нөхцөл, шагналын тоо, хэмжээ, гүйцэтгэсэн ажил буюу төслийг шалгаруулах журам, хугацааг тодорхой заах бөгөөд эдгээрээс бусад нөхцөлийг оруулж болно.

421.3.Нэгэнт зарласан уралдаант шалгаруулалтын болзлыг өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар зайлшгүй өөрчлөх шаардлагатай бол уг ажлыг гүйцэтгэн ирүүлэхээр тогтоосон хугацааны дотор өөрчилж болно.

421.4.Уралдаант шалгаруулалтад ирүүлбэл зохих ажлын талаар тавих шаардлага ихээхэн өөрчлөгдөхөөр байвал уг ажлыг гүйцэтгэн ирүүлэх хугацааг түүнд зохицуулан сунгана.

421.5.Уралдаант шалгаруулалтын болзолд орсон өөрчлөлтийг уралдаант шалгаруулалт зарласан журмаар зарлах бөгөөд ийнхүү зарлаагүй бол уралдаант шалгаруулалтын болзол өөрчлөгдсөн гэж үзэхгүй.

421.6.Уралдаант шалгаруулалт зарласан этгээд уралдаант шалгаруулалтад оролцогчоос түүнд оролцохыг зөвшөөрсөн хариу буюу холбогдох материалыг хүлээн авснаас хойш саналаасаа татгалзах эрхгүй бөгөөд татгалзсан тохиолдолд болзол хангасан оролцогч зарласан шагналыг авахаар шаардах эрхтэй.

421.7.Уралдаант шалгаруулалт зарласан этгээд энэ зүйлд заасан журмыг зөрчсөн бол түүний улмаас оролцогчдод учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

421.8.Уралдаант шалгаруулалт зарласны дагуу зохиогчийн эрхэд хамаарах бүтээл туурвисан бөгөөд уг бүтээл нь уралдаант шалгаруулалтын шагнал авсан бол уралдаант шалгаруулалт зарласан этгээд түүнийг уралдаант шалгаруулалтын болзолд дурдсан аргаар ашиглах эрхтэй бөгөөд болзолд өөрөөр заагаагүй бол энэхүү бүтээлийн зохиогч бүтээлээ ашиглуулсны хөлс, шагналыг авах эрхтэй.

421.9.Хууль болон болзолд өөрөөр заагаагүй бол уралдаант шалгаруулалтад шалгарч тодорхой шагнал буюу эрх аваагүй ажил, түүнчлэн шагналд орсон буюу эрх авсан боловч дараа нь ашиглахаар болзолд зарлаагүй ажлыг уралдаант шалгаруулалт дуусмагц даруй буцаан өгнө.

421.10.Уралдаант шалгаруулалтаар зарласан ажлыг хэд хэдэн этгээд гүйцэтгэсэн бол шагнал олгоход энэ хуулийн 420.5, 420.6-д заасан журмыг баримтална.

Print