МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ДӨЧИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Хадгалалт
422 дугаар зүйл. Хадгалалтын гэрээ

422.1.Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ.

422.2.Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалалт төлбөргүй байх бөгөөд хэрэв хадгалагч хадгалалтыг аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд явуулж байгаа бол урьдчилан тохиролцоогүй ч хадгалалтын хөлсийг харилцан тохиролцсон гэж үзнэ.

422.3.Хадгалагч дараахь эрх, үүрэгтэй:
422.3.1.хадгалалтыг төлбөргүй гүйцэтгэж байгаа бол хадгалж байгаа эд хөрөнгийг өөрийн эд хөрөнгийн адил нөхцөлөөр хадгалах;

422.3.2. хадгалж байгаа эд хөрөнгийг хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх;

422.3.3.хадгалуулсан эд хөрөнгийг зайлшгүй ашиглах шаардлагатай болсноос бусад тохиолдолд хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр түүнийг ашиглахгүй байх;

422.3.4.шаардлагатай тохиолдолд хадгалуулагчид урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр хадгалж байгаа эд хөрөнгийн хадгалалтын журмыг өөрчлөх;

422.3.5.хадгалж байгаа эд хөрөнгийн талаар гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хадгалуулагчид мэдэгдэх;

422.3.6.хадгалуулсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авах;

422.3.7.хадгалалтын хугацаанд хадгалж байгаа эд хөрөнгөөс бий болсон үр шимийг хадгалуулагчид шилжүүлэх;

422.3.8.хадгалалтын хөлс, шагнал, хадгалалтаас үүссэн зардлыг төлөх хүртэл хадгалуулсан эд хөрөнгийг буцааж шилжүүлэхээс татгалзах.

422.4.Хадгалуулагч дараахь эрх, үүрэгтэй:

422.4.1.хадгалагчид эд хөрөнгө хадгалсны зайлшгүй зардлыг төлөх;
422.4.2.хадгалалт төлбөртэй бол хадгалалтын гэрээ дуусгавар болсон тохиолдолд хадгалагчид хөлсийг төлөх;

422.4.3.тухайн эд хөрөнгийн аюултай шинж чанарыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байснаас бусад тохиолдолд хадгалуулж байгаа эд хөрөнгөөс үүссэн хохирлыг хадгалагчид нөхөн төлөх.

422.5.Хадгалагч нь хадгалагдаж байгаа эд хөрөнгийг хадгалуулагчийн зөвшөөрлөөр гуравдагч этгээдэд шилжүүлсэн тохиолдолд үр дагаврыг хадгалуулагч хариуцна.

422.6.Хадгалалтын гэрээний хугацаа дууссан эд хөрөнгийг хадгалуулагчид буцаан өгөх үед хадгалагч өөрийн санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас учирсан хохирлыг хариуцна.

422.7.Талууд өөрөөр тохиролцоогүй бол хадгалж байгаа эд хөрөнгийг гэрээнд заасан газар буцаан шилжүүлэх бөгөөд тээвэрлэлтээс гарах зардлыг хадгалуулагч хариуцна.

Print