МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ДӨЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах
428 дугаар зүйл. Барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээ

428.1.Хуульд өөрөөр заагаагүй бол барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээний хадгалагч нь эд хөрөнгийг хүлээн авахад түүний чанар, төрөл, жин, хэмжээ, тоо болон бусад шинжийг шалгах үүрэг хүлээхгүй.

428.2.Хадгалагчид шилжүүлж байгаа эд хөрөнгө шилжүүлэлтийн үеийн гадаад үзлэгээр гэмтсэн, эсхүл иж бүрдэл дутуу болох нь мэдэгдэж байвал хадгалагч хадгалуулагчид энэ тухай нэн даруй мэдэгдэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүйгээс хадгалуулагчид учирсан хохирлыг нөхөн төлнө.

428.3.Хадгалагч нь хадгалагдаж байгаа эд хөрөнгийг өөр агуулахад шилжүүлэх болон түүний шинж өөрчлөгдсөн, эсхүл өөрчлөгдөх аюул учирч байгаа талаар өөрийн мэдэж байгаа агуулахын баримтын сүүлчийн эзэмшигчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй бол хохирлыг хариуцна.

428.4.Хадгалагч нэг төрлийн эд хөрөнгийг гагцхүү өмчлөгчийн зөвшөөрөлтэйгээр түүнтэй ижил төрлийн эд хөрөнгөтэй нийлүүлж хадгалж болно. Ийнхүү нийлүүлснээс бий болсон эд хөрөнгө нь хадгалуулагчдын дундын өмч болох бөгөөд хадгалуулагчид оногдох хэсгийг хадгалуулсан эд хөрөнгийн хэмжээгээр тодорхойлно.

428.5.Хадгалуулагчид оногдох хэсгийг хадгалагч бусад хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр буцаан өгөх эрхтэй.

428.6.Хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгө нь өөрийн үнэ цэнийг алдахуйцаар гэмтэж өөрчлөгдсөнийг хадгалагч эрх бүхий этгээдэд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд ийнхүү мэдэгдэх цаг хугацаа хүрэлцэхгүй буюу мэдэгдэх боломжгүй бол түүнийг худалдах эрхтэй.

428.7.Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээнд хадгалалтын гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.

Print