МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ДӨЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах
429 дүгээр зүйл. Агуулахын баримт

429.1.Хадгалагч хадгалуулахаар шилжүүлж өгсөн эд хөрөнгийг хүлээн авахдаа хадгалуулагчид агуулахын баримт олгоно.

429.2.Агуулахын баримтад дараахь зүйлийг заавал тусгана:

429.2.1.агуулахын баримт олгосон огноо, бүртгэлийн дугаар;
429.2.2.гэрээний талуудын нэр, хаяг;
429.2.3.эд хөрөнгийг хадгалах газар;
429.2.4.хадгалах эд хөрөнгийн тоо, хэмжээ, жин, өнгө, чанар, боодлын тодорхойлолт;
429.2.5.хадгалалтын хөлс, бусад зайлшгүй зардлын хэмжээ;
429.2.6.хадгалах эд хөрөнгийг даатгуулах бол даатгалын үнэ;
429.2.7.гэрээний хугацаа;
429.2.8.хадгалагчийн гарын үсэг, тамга, тэмдэг.

429.3.Талууд энэ хуулийн 429.2-т зааснаас бусад нөхцөлийг агуулахын баримтад нэмж тусгаж болно.

429.4.Энэ хуулийн 429.2-т заасан нөхцөлийг агуулахын баримтад бүрэн тусгаагүй нь талуудыг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

429.5.Агуулахын баримт эзэмшигч нь өөр үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор эд хөрөнгийг агуулахаас гаргахгүй гэсэн баталгаа гаргаж, агуулахад байгаа эд хөрөнгөө барьцаалж болно.

429.6.Хадгалагч зөвшөөрсөн бол хадгалуулагч агуулахын баримтыг бичилт хийж гуравдагч этгээдэд шилжүүлж болно.

429.7.Агуулахын баримтыг бичилтийн дагуу шилжүүлсэн бол хадгалагч нь түүнд дурдсан мэдээллийн үнэн зөвийг баримт эзэмшигчийн өмнө хариуцах бөгөөд харин уг мэдээллийг хадгалуулагч, эсхүл гуравдагч этгээдийн өгсөн мэдээллийг үндэслэсэн гэж уг баримтад тэмдэглэсэн бол хадгалагч хариуцлага хүлээхгүй.

429.8.Хадгалагч мэдээлэл буруу ташаа гэдгийг мэдэж байсан бол баримтад тэмдэглэл хийсэн ч энэ хуулийн 429.7-д заасан хариуцлагыг хүлээнэ.

429.9.Эд хөрөнгийг нийлүүлж хадгалсан тохиолдолд хадгалагч энэ хуулийн 429.7-д заасан тэмдэглэлийг хийх эрхгүй.

429.10.Агуулахын зөвшөөрлийн баримт олгосон хадгалагч хадгалж байгаа эд хөрөнгийг гагцхүү агуулахын баримтын хууль ёсны эзэмшигчид олгоно.

429.11.Агуулахын барьцааны баримт олгосон бол хадгалагч түүнийг буцаан авахаар шаардах эрхтэй.

429.12.Хадгалагч бичилт хийн шилжүүлсэн баримтын үнэн эсэхийг шалгах үүрэггүй бөгөөд шилжүүлэлт нь агуулахын баримт дахь зохих тэмдэглэлээр баталгаажна.

429.13.Агуулахын баримт, эсхүл барьцааны баримтыг гээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд хууль ёсны эзэмшигч нь үрэгдүүлсэн баримт бичгийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд өргөдөл гаргаж болох бөгөөд хадгалагч шүүхийн шийдвэрийг үндэслэн агуулахын болон барьцааны баримтуудыг шинээр олгоно.

429.14.Агуулахад хадгалуулахаар шилжүүлсэн эд хөрөнгийг барьцаалахад өмчлөгч нь барьцааны баримтад тусгай тэмдэглэл хийж түүнийг шилжүүлнэ.

429.15.Бичилт хийн шилжүүлсэн баримтад хадгалуулагч, зээлдүүлэгч болон тэдгээрийн үүргийн талаархи мэдээллийг тусгана.

429.16.Эд хөрөнгө хадгалуулсан баримтыг шилжүүлсэн тухай хадгалагчид мэдэгдэх бөгөөд хадгалагч зохих бичилтийг хийнэ.

429.17.Эд хөрөнгийн хадгалалттай холбогдон үүссэн зардлыг төлүүлэхээр хадгалагч тухайн эд хөрөнгийг барьцаалах эрхтэй.

429.18.Агуулахын баримтыг бичилт хийн шилжүүлсэн бол шинэ эзэмшигчид барьцаалах эрх үүснэ.

Print